Товчоор:
  • 12.00 цагаас МН-д ”Аз жаргалын өдөр” болох талаар мэдээлэл хийнэ. 3/19
  • 11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд "Улаанбаатар хотын усны хангамжийн ирээдүй" сэдвээр дугуй ширээний уулзалт болно.3/19
  • 10.30 цагт Цөмийн технологи ба Дэлхий ертөнц семинар Mөрийн ордонд ”Б” танхимд эхэлнэ.3/19
Ирэх оны эхний өдрөөс хэрэгжих хуулиудтай танилц
Нийтэлсэн: 4 сар өмнө
-2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчинтөгөлдөр болох хууль тогтоомжийн товч танилцуулга-

Монгол Улсын Их Хурлаас 2013 онд баталсан бие даасан 6 хууль болон эдгээр 6 хуульд холбогдох 35 хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчилнэ. Эдгээр бие даасан хууль нь дараах онцлог, шинэлэг зохицуулалтыг агуулж байна:

1.Үнэт цаасны зах зээлийн тухай /шинэчилсэн найруулга/

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан ба энэ хуультай холбогдож Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Даатгалын тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Зар сурталчилгааны тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нь үнэт цаасны зах зээл сонгодог утгаараа хөгжих эрх зүйн орчинг хуульчилсан. Хаалттай компаниуд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой болсон. Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэж өртөг өндөртэй IPO буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар олон нийтийн зүгээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааны олон төвөгтэй үйл ажиллагааг дамжихгүйгээр шууд өөрсдийн компанийн бонд, эсхүл хадгаламжийн сертификатыг гаргаж гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоотой болсон.

Үнэт цаасны зах зээлд оролцох, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа, түүний төрөл, тавигдах нөхцөл, шаардлагыг шинээр тогтоож, тэдгээр үйл ажиллагаатай холбогдох нарийвчилсан зохицуулалт бүхий дүрэм, журам, заавар, аргачлалаас бүрдэх багц дүрмийн хүрээ, хязгаарыг хуульд зааж, Санхүүгийн зохицуулах хороо баталж мөрдүүлэхээр хуульд тусгасан. Үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээрийн эрх, гишүүнчлэлийн асуудлыг тодорхой болгосон.

2.Хөрөнгө оруулалтын сангийн тухай

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2013.10.03-ны өдөр батлагдсан ба энэ хуультай холбогдон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Инновацийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсон.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх хөрөнгө оруулалтын сан нь төрлийн хувьд хамтын болон хувийн хэлбэртэй байна. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь нийтээс санд мөнгөн хөрөнгийн хуримтлалыг төвлөрүүлэн үнэт цаасны зохицуулалттай зах зээлд чөлөөтэй арилжаалагддаг хөрвөх чадвар өндөр санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх бөгөөд үйл ажиллагаа нь төрийн байнгын зохицуулалт, хяналтад байх, мэдээллээ нийтэд буюу нийт гишүүдэд нээлттэй байлгах зарчимд тулгуурлан үйл ажиллагаа эрхлэх юм. Харин хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухайд гишүүд нь зөвшөөрсөн нөхцөлд заавал чөлөөтэй арилжаалагдах санхүүгийн хэрэгслээс гадна хаалттай компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг эрсдэл өндөр, хөрвөх чадвар харьцангуй хязгаарлагдмал санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд эрсдлээ өөрийн хөрөнгөөр бүрэн хүлээхээр зохицуулагдсан.

Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөрөнгө оруулалтын сангийн орлого, хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлогыг тус тус чөлөөлөхөөр хуульчилсан.

Компанийн тухай хуульд компани, түүний төрөл гэсэн 3 дугаар зүйлд Хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь тусгай зориулалтын компани хэлбэртэй байна. Уг хэлбэрийн компанийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй гэсэн агуулгатай хэсэг нэмсэн.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа гэсэн 38 дугаар зүйлийн 38.4, 38.6.3 дахь хэсгийн “хувьцаа” гэснийг “нэгж эрх” гэж өөрчилсөн юм.

Инновацийн тухай хуульд венч сан, венч хөрөнгө оруулалтын компанитай холбоотой заалтуудыг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулах учраас хуулиас хасчээ.

3.Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан нь Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцааг авах, төлбөрийн чадваргүйн улмаас эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлснээр шударга шүүхээр шүүлгэх эрх нь хангагдах ач холбогдолтой.

Энэ хуулиар Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн, эсхүл нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон иргэн, эсхүл Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд гэмт хэрэгт холбогдон яллагдагчид тооцогдсон тохиолдолд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхээр хуульчилсан. Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд төвийн удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг нь энэ хуулиар мөн зохицуулжээ.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Хууль батлагдсанаар Хууль зүйн туслалцааны 37 төвийг үе шаттайгаар байгуулж, улсын өмгөөлөгчийг чадавхжуулж, эхний ээлжинд улсын өмгөөлөгч 72, өмгөөлөгчийн туслах 10, ажлын албаны 10 ажилтан, нийт 92 хүн ажиллахаар төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн цалингийн зардалд 659,456.4 сая төгрөг, бараа үйлчилгээний бусад зардал 649,304.9 сая төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 170,600.0 сая төгрөг нэмэгдсэнээр эхний жилд улсын төсвөөс 1,479,361.8 төгрөг гаргуулах тооцоог урьдчилсан байдлаар хийгээд байна.

4.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2013.07.05-ны өдөр батлагдсан ба энэ хуультай холбогдож Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдснаар гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх нэгдсэн тогтолцоо бүрдэж, гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, үнэн зөв явагдах нөхцөл бий болох, гэрч, хохирогчийн эрхийг хангах ач холбогдолтой юм. Нөгөө талаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.

Төрийн албаны тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болон мөн зорилгоор төрийн албанаас түр чөлөөлөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

Хөдөлмөрийн тухай хуульд гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдсан ажилтныг ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажлыг байрыг нь хэвээр хадгалахтай холбогдсон өөрчлөлт оруулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Хорих байгууллага ялтан суллагдвал энэ тухай тахарын албанд мэдэгдэхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд гэмт хэргийн улмаас хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учирсан эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран нэн даруй олгож, буруутай этгээдээр нөхөн төлүүлэхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу гэрч, хохирогчийг нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх арга хэмжээг хэрэглэх журам, арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан этгээдийн нууцалбал зохих мэдээлэл төрийн нууцад байнга хамааруулах өөрчлөлт оруулсан.

5.Тахарын албаны тухай

Тахарын албаны тухай хууль 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан ба энэ хуулийг дагаж Гүйцэтгэх ажлын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Монгол Улсын хилийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.

Тахарын албаны тухай хууль нь хууль сахиулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Монгол Улсын тахарын албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, тахарын алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна. Монгол Улсын тахарын алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх гэсэн зургаан чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, гэрч, яллагдагчийг албадан ирүүлэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах, баривчлах ажлыг өнөөг хүртэл цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж ирсэн. Ингэснээр цагдаагийн байгууллага зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бус бусад чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүч, нөөцөө зарцуулж байсан. Түүнчлэн зарим чиг үүргийг хариуцах эзэн тодорхой бус, тусгайлан зохицуулагдаагүй байсан. Энэхүү хуулийг баталснаар шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүгч хараат бус байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүх хурал тасалдах болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг бууруулна. Түүнчлэн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнээр гэмт хэрэг хянан шийдвэрлэлтийг сайжруулна.

Гүйцэтгэх ажлын тухай хуульд тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, шүүх, шүүгч, гэрч хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд халдлага, хор аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй байхаар холбогдох өөрчлөлт оруулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаа, хорих байгууллага хэрэгжүүлэхээр заасныг тахарын алба болгохтой холбогдсон өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудснаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үүргийг тахарын алба гүйцэтгэхээр өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын хилийн тухай хуульд шүүн таслах ажиллагаа болон хорих анги, цагдан хорих байрнаас оргон зайлж улсын хил нэвтрэхийг завдсан, эсхүл нэвтэрсэн яллагдагч, ялтны талаарх мэдээлэл, лавлагааг тахарын алба авах, тахарын албанаас хилийн бүс орчимд эрэн сурвалжлагдаж байгаа яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд хил хамгаалах байгууллагаас хүн хүч, автомашин, техник хэрэгслээр туслахтай холбогдсон өөрчлөлт оруулсан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тахарын албанаас уул, ой модонд бүгсэн оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжлахад байгаа газар орны онцлог, байгалийн тогтоц, байршлын талаар мэдээлэл өгөх, газарчлах, хамтран ажиллах үүргийг байгаль хамгаалагчид өгөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тахарын алба тухайн орон нутагт хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд байгаа шаардагдах хүн хүч, автомашин, техник, шатахуун, орон байр болон бусад хэрэгслээр туслах чиг үүргийг Засаг даргад өгөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуульд гэмт хэргийн гэрч хохирогчийг биечилсэн хамгаалалт авахад шаардлагатай тохиолдолд зэвсэгт хүчний анги салбарын бүсэд байршуулж аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах болон шаардлагатай тохиолдолд улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүн хүч, техник хэрэгслийн дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад шүүхийн дуудснаар хүрэлцэн ирээгүй зохигч, гэрч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагааг тахарын алба хэрэгжүүлэхтэй холбогдсон өөрчлөлтийг тусгасан.

6.Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/

Цагдаагийн албаны тухай хууль 2013.07.05-ны өдөр батлагдсан ба энэ хуулийг дагаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Галт зэвсгийн тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай, Эрдэнэсийн сангийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.

Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй хууль сахиулах байгууллага гэж тодорхойлсон. Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хууль сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиг үүрэгт нь нийцүүлж шинэчлэн зохицуулсан.

Цагдаагийн алба үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, олон нийтийн итгэл хүлээж, иргэний дэмжлэг авч, тэдэнтэй хамтран ажиллах, тэдний хяналтанд байх зарчим баримтална.

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн баталсан явдал дараах ач холбогдолтой: Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг илүү оновчтой, тодорхой болсон, иргэний нийгмийн байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих механизм тогтоож өгсөн, цагдаагийн алба хаагч баталгаагаар хангагдсан, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагын тогтолцоо нь цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харьяа нэгжээс бүрдэнэ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар Цагдаагийн хөгжлийн санг байгуулж, энэхүү сангийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, юунд зарцуулахыг нарийвчлан зохицуулсан.

Цагдаагийн байгууллагын тухай хуулиар Цагдаагийн албаны гүйцэтгэх үүрэгтэй холбогдуулан иргэд нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчаар ажиллах үүрэг хүлээхээ больсон тул

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулиуд дахь олон нийтийн байцаагчтай холбогдох заалтуудыг өөрчилж, хүчингүй болгосон.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулсан зардлын талаар тусгаж өгсөн.

Галт зэвсэгтэй холбоотой харилцааг цогцоор нь зохицуулахын тулд Галт зэвсгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдэд “сум” гэдэг үгийг нэмж оруулжээ.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд Цагдаагийн байгууллагын тухай хууль батлагдсантай холбогдуулан Эрдэнэсийн сангийн харуул хамгаалалтыг Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцахаар болсон.


Дараах хуулиудад 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөх нэмэлт, өөрчлөлт орлоо

7.Хүнсний тухай хууль /шинэчилсэн найруулга/

Хүнсний тухай хууль 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан ба баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлд бүртгэхээр зохицуулжээ.

8.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан ба энэ хуулийн 7.1 дэх хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө юм. Хуулийн 7.1-д Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал, хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэхээр заажээ.

9.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан ба Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан, сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах, сэргээн засах үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээ хийлгэхээр бол эмчилгээний зардлын 70 хувийг нөхөн олгох, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйлчилгээний болон эдгээр байгууллагад тавих стандартыг эрүүл мэндийн, боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран боловсруулж, Стандартчиллын төв байгууллага батлах, зэрэг заалтуудыг нэмсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Боловсролын тухай, Эрүүл мэндийн тухай, Нийгмийн халамжийн тухай 5 хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

10.Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.

Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан ба Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тоог боловсролын, нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтоох, Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боловсролын үнэлгээний журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, сэтгэл зүйч, сувилагч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулах, Ерөнхий боловсролын тусгай сургууль нь сэргээн засалтын кабинет, танхимтай байх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга эзэмшсэн байх зэрэг заалтуудыг нэмсэн.

11.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан ба сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, эмч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулж болох, Сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа байгууллагын нэг багшид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог боловсролын нийгмийн хамгааллын, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтоох, Сургуулийн өмнөх боловсролын тусгай цэцэрлэг нь сэргээн засалтын кабинет, танхимтай байх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга барилыг эзэмшсэн байх зэрэг заалтуудыг нэмсэн.

12.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан ба Ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багшид Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 7.8-д заасан нэмэгдлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр олгох заалтыг нэмсэн.

13.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан ба Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн зардал, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зүйл, заалтыг нэмсэн.

14.Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан ба Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээ, өдрийн үйлчилгээг үзүүлэх, тухайн хүүхдийг хөгжүүлэх төв, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг холбогдох стандартын дагуу зохион байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нийгмийн халамжийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран шийдвэрлэх, иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл өгөх, өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээнд үр дүнтэй хамруулах зорилгоор эрүүл мэнд, боловсролыг дэмжих зэрэг нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай зуучилж өгөх зэрэг хэсэг, заалт нэмсэн.

15.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан ба үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ автобусыг импортоор оруулахад нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх ба 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

16.“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоол

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баталсан ба “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 87 дугаар бүлгийн Барааны бичиглэл “Төмөр зам буюу трамвайн замын хөдлөх бүрэлдэхүүнээс бусад тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, тоног хэрэгсэл”, Албан татварын хувь, хэмжээ “5” гэсний дараа дор дурдсан агуулгатай 87.02 гэсэн зүйлийг нэмж энэ зүйлийн импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг “0” болгосон ба 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 



Сайт таалагдаж байвал лайк дараарай!

Мэдээг түгээх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэглэгчийн нэр:

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2013-12-30 13:57:17
    Зочин: их зүйл өөрчлөгдөх нь ээ
Их уншигдсан
Зарын булан Зар өгөх
  • 2010 onii verna zarna utas 89917791
    Утас: 89917791
    21 цагийн өмнө
  • 99191236, 99086317, 99067359, 99042190, 99028506, 88024536, 99995436, 99997145 дугаарууд зарна. Утас: 88111844
    Утас: 88111844
    2 өдрийн өмнө
  • 2007 оны 2012 онд орж ирсэн хар саарал өнгөтэй ГАЗ соната 6 яаралтай хямд зарна.
    Утас: 88065612
    3 өдрийн өмнө
  • dariexiin dund buudald jijig baishin , ger tureesluulne.
    Утас: 99795058
    4 өдрийн өмнө
  • 6-r bichil horoolold tseverch nyambaa 1-2 emegteid hajuu uruu bolon gal togoonii uruu hulsluulnu
    Утас: 91270008
    4 өдрийн өмнө
  • 18-30 nasnii huvidaa jijig teregtei zaluusiig borluulaltiin managereer ajild avna tsalin 1-1.5say Holbogdoh utas 94028777 99108021
    Утас: 94028777
    4 өдрийн өмнө
  • 2010 onii verna zarna 2013 ond orj irsen utas;89917791
    Утас: 89917791
    4 өдрийн өмнө
  • 2000 onii verna zarna 5 say 200
    Утас: 88094952
    4 өдрийн өмнө
  • Төв аймгийн оюутан залуучуудын бага наадам болно
    Утас: 99038091
    4 өдрийн өмнө