Г.Билгүүн: Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлана


2019-08-12 15:22:30

 

Хоёр бөхөөс допин илэрчээ. Одоогоор тэрхүү бөхчүүдийн нэрийг олон нийтэд задлах боломжгүй гэнэ. Гэхдээ нэр бүхий хоёр бөхөд олгосон цол, бай шагналыг хураах, хоёр хүртэл жилээр барилдах эрхийг хасах шийтгэл оногдуулах аж. Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн үндэсний төвөөс шинжилгээг Солонгос улс руу явуулдаг. Шинжилгээний хариуг Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 7-нд ирүүлсэн. 16 бөх хамрагдсанаас хоёр бөхөд допингийн төрлийн бодис илэрсэн. Допинг илэрсэн хоёр бөхийн нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө нь 10-нд ирж шинжилгээний хариутай танилцсан. Хуулийн дагуу шинжилгээний хариутай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргадаг. Одоогоор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй байна” хэмээлээ

Дээрх мэдээллийг өгсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан.

-Допинг илэрсэн хоёр бөхийн нэрийг яагаад олон нийтэд зарлахгүй байгаа юм бэ?

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй. Энэ бол хувь хүний нууц. Хуульд Б сорьцын шинжилгээ өгсөн бол хариуг нь иртэл допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг зарлах хориотой. 

-Хэрэв тэд Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлт гаргахгүй бол яах вэ?

-Тухайн бөхчүүд Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал.

-Б сорьцын шинжилгээ хийлгэхгүй бол дипинг хэрэглэсэн гэж шууд үзэж болох уу?

-Тэднийг энэ сарын 19 хүртэл хүлээнэ. Хэрэв тэр өдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй бол бид сэргээш илэрсэн бөхчүүдийн нэрсийг зарлах юм.

-“А” сорьцоор хориотой бодис илэрсэн нь батлагдсан байхад “Б”-г хүлээх шаардлага байна уу. Үүнд бас нэг нууцлалын асуудал яваад байна уу?

-Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны 2018 оны зургадугаар сарын 22-ны өдрийн тогтоол бий. Допингийн шинжилгээнд хамрагдсан этгээд “А” сорьцод допингийн эм зүйн ангилалд хамрагдах бодис, түүний задралын бүтээгдэхүүн хэвийн үед байх ёстой хэмжээнээс их байгаа тухай лабораторийн хариу гарсан тохиолдолд “Б” сорьц хийлгэх хүсэлтээ бичгээр илэрхийлнэ гэсэн. Энэ талаар 10 хоногийн дотор Монголын Допингийн эсрэг төвд хандана. Тиймээс “Б” сорьцын шинжилгээний хариу гартал “А” сорьцын шинжилгээний хариуг олон нийтэд зарлахгүй. Журамдаа ингэж заасан учраас бид хугацаандаа мэдээлэл хийх болно.

-Магадгүй Улсын наадамд түрүүлсэн түрүү бөхөөс хориотой бодис илэрсэн гэдэг нь тогтоогдвол ямар шийтгэл оногдуулах вэ?

-Хоёр төрлийн хариуцлага бий. Нэгд барилдах эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, хоёрт авсан цол, бай шагналыг хураах. Гэхдээ барилдах эрхийг нь хасахыг Баяр наадмын зохион байгуулах хорооны салбараас шийднэ. Харин цол хураахыг Ерөнхийлөгчөөс гаргана. Өнгөрсөн жил ийм асуудал гарсан шүү дээ. Тав давсан Улсын цолтой бөхөөс хоритой бодис илэрсэн нь тогтоогдсон учир энэ жилийн Улсын наадмын өмнө шинээр цалин цол олгосон тохиолдол гарсан. Гэхдээ бас шийтгэлийн хугацаанд хоёр жил хүртэлх гэсэн заалт бий гэдгийг сайн анхаарах хэрэгтэй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү