Н.Наранбаатар: Анна Каренина бол хүний амьдралын философи


2020-10-01 14:38:32

Бүх цаг үеийн шилдэг ном болох Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” Монголд анх удаа театрын жүжиг хэлбэрээр УДЭТ-ын тайзнаа ирэх сарын 3-наас эхлэн тоглогдох гэж байна. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллаж байгаа билээ. Жүжгийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид шинэ уран бүтээлийнхээ талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр уран бүтээлчид сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Анна Каренина бол хүний амьдралын философи

-“Анна Каренина” бол яах аргагүй дэлхийд данстай сонгодог зохиол. Энэ зохиол олон оронд кино болон амилсан байдаг. Харин манай улсад тайзны уран бүтээл болон тоглогдох гэж байна. Яагаад энэ зохиолыг жүжиг болгон амилуулахаар болов?

-Тийм ээ. Яах аргагүй “Анна Каренина” бол дэлхийд данстай роман. Соёлт хүн төрөлхтөний унших дуртай, бодож тунгаах дуртай зохиол. Яагаад энэ зохиол ийм алдартай байдаг вэ гэхээр зохиолын гол дүрүүд хүний нас насанд өөр өөр өнцгөөр харагддагаараа гайхамшигтай. 20, 30, 40, 50, 60, 70 насанд өөр өөрийн бодролыг төрүүлж байдагт энэ сонгодог зохиолын увдис оршдог. Тиймээс Анна Каренина-г хүний амьдралын философи гэж ойлгож болно. Зохиолд хэдийгээр XIX зууны сүүлч үеийн үйл явдал өрнөж байгаа ч өнөөгийн манай нийгмийн байдалтай яг давхцаж байна. Тухайлбал, Анна бол алдартай дуучин, жүжигчин, улстөрч, нийгмийн том зүтгэлтэн биш, жирийн нэг бүсгүй.

Энэ жирийн нэг бүсгүйн амьдралыг тухайн цаг үед нийгэм даяараа шуугин хэлэлцэж, эцэст нь амиа хорлохоос аргагүй нөхцөлд хүргэж байна. Хүний хөнжлийг битгий сөх, өөр өөрийн замаар л яв, хов жив бүү хөөцөлд, бүтээлч бай гэсэн утга энэ зохиолын цаана оршиж байна. Би найруулагч хүний хувьд ийм байдалд эмзэглэж, “Анна Каренина” романыг жүжгийн зохиол болгож, одоо цаг үед тавих нь нэн шаардлагатай гэж үзэж сонгож авсан.

Үзэгчид дотроо өөр өөрсдийн Анна Каренинатайгаа ирэх байх.

-Аннагийн дүр үзэгчдэд юуг өгүүлж байгаа вэ?

– Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд: Үзэгчид жүжигт гарч буй хоёр Аннагийн дүрээр дамжуулан нэгийг бодож, тунгаах биз. Тэр утгаараа үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байх шиг санагдлаа. Миний хувьд хүмүүст энэ дүр хэрхэн хүрэх нь сонин байна.

Жүжигчин Н.Баярмаа: Үзэгчид маань дотроо өөр өөрсдийн Анна Каренинатайгаа ирэх байх. Би өөрийнхөө зүрх сэтгэл доторх Аннаг тоглоно. Магадгүй энэ жүжгийг үзээд Анна гэж ийм эмэгтэй гэж тодорхойлоход хэцүү санагдахыг үгүйсгэхгүй. Тэгж чадвал миний зорилго биелсэн гэсэн үг. Мөн “Анна Каренина” жүжгийг Монголд анх удаа тайзны бүтээл болгож байгаа учраас чамгүй өндөр өртгөөр бүтэж буй гэдгийг театрын удирдлагууд онцолж байв.

Эх сурвалж: www.newslife.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү