Д.Отгонбаяр: “Хадмын хайр” киног үзэж гарч ирээд үзэгчид маань хадам руугаа залгах байх


2020-10-21 15:33:57

Тун удахгүй “Оюунлаг продакшн”-ы уран бүтээл “Хадмын хайр” гэсэн уран сайхны кино гарах гэж байна. Ингээд тус киноны найруулагч Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны түрүүнд уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Д.Отгонбаяр гэдэг. Би “Оюунлаг фильм” кино компанид ерөнхий найруулагчаар ажилладаг.

Тун удахгүй “Хадмын хайр” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Киноныхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Оюунлаг продакшн” олон уран бүтээл дээр ажилласан. Тухайлбал, “Хүүгүй ломбард”, “Хуримын сюрприз”, “Туршилтын хосууд”, “Царайлаг өдрүүд”, “Онцгой даалгавар”, “Дархлаа” зэрэг уран бүтээлийг олон түмэндээ хүргэж байсан. Энэ удаа “Хадмын хайр” гэсэн гэр бүлийн сэдэвтэй уран бүтээлийг 10 дугаар сарын 23 наас үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

-Энэ уран бүтээл хэдий хугацаанд хийгдсэн бэ. Маш удаан хугацаанд их хүч хөөлмөр шаардсан уран бүтээл болсон гэж сонссон?

-Тийм ээ. Хадмын хайр уран сайхны кино маш удаан хугацаанд хийгдсэн. Монголд жилийн хугацаатай хийгдсэн кино маш цөөхөн байдаг. Учир нь хөрөнгө  мөнгө, баг хамт олон зэргээсээ болоод 2-3 сарын хооронд л ихэвчлэн хийгддэг. Манай киноны хувьд дэлхий нийтэд гарсан аюултай цар тахлын улмаас өнгөрсөн 10 дугаар сард зураг авалтаа эхлээд нэгдүгээр сард бэлэн болсон. Харин одоо хорио цээр тавигдаад үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Мэдээж энэ хугацаанд уран бүтээлээ чанартай болгоё , сайн уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгоё гээд байнга ажиллаж байсан. Байнга л уран бүтээлээ сайжруулахын тулд дууг нь ингээд янзалчихвал, дүрсийг нь дахиад нэг янзлаадхий, өнгийг ингээд засвал гэсээр байгаад жилийн хугацаа оржээ. Тэгэхээр удаан хугацааны хүч хөдөлмөр орсон уран бүтээл маань бүрэн боловсорчээ. Нэг үгээр хэлбэл бүрэн боловсорсон жимс гэсэн үг. Энэ сайхан уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох гэж байгаадаа маш их баяртай байна.

-Киноны гол дүрүүдэд ямар жүжигчид тоглосон бэ?

-Киноны дүрүүдэд маш сонирхолтой уран бүтээлчид тоглосон. Тэр болгон уран бүтээл дээр тоглоод байдаггүй жүжигчид тоглосон. Тухайлбал, хүн бүхний сайн мэдэх Ш.Доржсүрэн буюу Дооёо ах маань гол дүрд тоглолоо. Мөн “Хэцүү анги” киногоор олны танил болсон МУГЖ Магсаржав гэгч алдартай сайхан жүжигчний хүү М.Наранмөнх гол дүр бүтээсэн. Түүнчлэн жүжигчин Хулан, Навчаа, Гэрлээ, бяцхан жүжигчин Энхриймаа нар тоглосон. Энхриймаагийн хувьд 6 настай Аялгуу гэх өвөөтэйгээ амьдардаг бяцхан охины дүрд тоглосон. Энэ дүр үзэгчдийн хайрыг ихээр татах байх гэж бодож байна.

Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл

 –Киногоо“Хадмын хайр” гэж нэрлэх болсны учир нь юу вэ. Яагаад хадмын хайрыг харуулахыг хичээв?

-Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл. Хүн гэр бүлийнхэнтэйгээ илүү ойр дотно байх хэрэгтэй. Гэтэл орчин үеийн гэр бүлүүд маань гэр бүлсэг  бус болсон байна. Ажил дээрээ 8 цагийг өнгөрөөчихөөд оройны 4 цагийг гэр бүлдээ зарцуулах гэхээр 2 цагийг нь сошиал орчин авчихаад байна. Ер нь хүмүүст гэр бүлийн нандин сайхан харилцаа гэдэг зүйл алга болсон харагдаад байгаа юм. Тиймээс ийм эгзэгтэй цаг үед хадам,  хүргэний тухай, гэр бүлийн хамгийн сайхан харилцааг харуулсан кино хийе гээд найруулагч Сэр-одтой ярилцаад зохиолоо бичиж эхэлсэн. Хүн бүр хадамтай болдог, хүний хүргэн, бэр болдог. Энэ бол хорвоогийн жам. Ер нь хүмүүс хадмыг сайн муугаар их л ярьдаг. Харин манай кинонд хадам аав ээж гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм гэдгийг харуулсан. Яагаад вэ гэвэл тэр хүний  хүүтэй нь, аль эсвэл охинтой нь суусан бол хадмуудаа элдвээр ярьж болохгүй, хадмууд ч хүргэн бэрээ элдвээр ярьж болохгүй. Өөрсдийнхөө төрсөн аав ээж шиг, охин хүү шиг ээ байх ёстой юм байна гэдгийг үзэгчдэд  харуулахыг хичээсэн.  Энэ бол их сонирхолтой сэдэв.  Жишээлбэл, Хүн бүрт хадамтайгаа танилцсан түүх байдаг. Тэр нь хүн бүрийн амьдралд дурсамжтай сонин сайхан дурсамж байдаг. Тийм дурсамжийг харуулсан олон уран бүтээл байдаг. Харин манай кинонд хадам гэх өнцгийг сайн сайхнаар, гэрэл гэгээтэй талаас нь харуулсан.  Хадам хүргэн, бэрүүд хоорондоо эв түнжинтэй,  эв нэгдэлтэй байвал амьдрал сайн сайхан, гэрэл гэгээтэй болдог юм шүү гэдэг санааг дэвшүүлсэн.

“Хадмын хайр” киноны бусад уран бүтээлээс ялгарах онцлог?

-Онцлог нь гэвэл би зохиол нь гэж хэлнэ. Ер нь аливаа уран бүтээлийн хамгийн чухал зүйл нь зохиол байдаг. Зохиол сайн байж уран бүтээл сайн болдог. “Хадмын хайр” киноны зохиолыг маш сайн бичигдсэн гэж дүгнэж байгаа. Яагаад тэгж дүгнэж байна вэ гэвэл инээдмийн үйл явдал байна, драмын үйл явдал байна, эхлэлээс авахуулаад төгсгөл хүртлээ таагдашгүй гэнэтийн гэнэтийн эргэлтүүд гарч ирдэг.  Зохиол талдаа олон төрлийг харуулсан таагдашгүй байна. Энэ нь бусад уран бүтээлээс давуу тал юм болов уу гэж бодож байна. Мэдээж уран бүтээлчид нэг, нэг зүйлийг овойлгож товойлгож гаргасан сайхан чадалтай чансаатай уран бүтээл. Кино зохиолын тухайд амьдралд ойрхон яах аргагүй миний чиний бид бүхний амьдралд тохиолддог зүйл хадам хүргэн, бэрийн харилцаа. Кинонд хадам хүргэн 2 эхнэр авах гээд яваад байгаа үйл явдал гардаг. Жишээлбэл хадам хүргэн 2 нийлээд тоглох ярилцах бол байх гэхдээ зайлшгүй эхнэр авах гээд явна гэдэг бол маш сонирхолтой болов уу гэж бодож байна.

 –Танай киног үзээд үзэгчдийг юу ойлгоосой, ямар сэтгэгдэлтэй гарч ирээсэй гэж бодож байна вэ?

-Хүн хүнээ илүү хайрлах, хүн хүнээ илүү ойлгох хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хүссэн. Мөн хүнийг өнгөцхөн дүгнэж болохгүй, аливаа юмыг хүлээцтэй олон талаас нь харж үзээсэй гэсэн санааг гаргахыг хичээсэн. Түүнчлэн халуун дулаан гэр бүл гэдэг ямар сайхан бэ гэдгийг ойлгоно. “Хадмын хайр” киног үзэж гарч ирээд үзэгчид маань  хадам руугаа залгах байх,  хадам ааваа, хадам ээжээ хайртай шүү гэж хэлэх байх. Эсвэл хадам аав ээж нь хүргэн бэр лүүгээ хайртай шүү гэж ярих байх гэж бодож байна.

Саяхан танай продакшны хамт олон нэгэн хадам ээжтэй нийлж бэрийг нь баярлуулсан арга хэмжээ хийсэн. Энэ талаараа ярьж өгөөч?

– Хадам ээж нь бэрдээ сюрприз баръя гэж хандсаны дагуу тэр арга хэмжээг хийсэн. Бид өмнө нь хадмынхаа дугаарыг утсан дээрээ юу гэж хадгалдаг вэ гэсэн бичлэг хийсэн байсан. Тэрийг үзсэн юм билээ. Тэндээс “Хадмын хайр” гэх киноны мэдээллийг аваад бидэн дээр ирсэн. Тэр бол үнэхээр гэгээлэг санагдсан. Үнэхээр гоё санаа байсан. Манай хамт олон өмнө нь Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын газартай “Гэр бүл хайр” гэсэн аян хэрэгжүүлж байсан. Тиймээс тус эмэгтэйн хүсэлтээр бэртэй нь ижилхэн нэртэй зорилтот бүлгийн хүүхэд баярлуулах арга хэмжээ хийж, бэрд нь сюрприз барьсан. Тэр бичлэг сошиалд тавигдсанаар маш их хандалт авсан. Сошиал орчинд гэрэл гэгээтэй зүйл шэйрэлдэг,  гэрэл гэгээтэй зүйл хардаг байх хэрэгтэй. Ийм гэгээлэг зүйлийг уран бүтээлч бид уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд харуулах ёстой юм болов уу. Цаашдаа ч гэрэл гэгээтэй сайн сайхан зүйл рүү чиглэсэн уриалсан бичлэг контент үйлдвэрлэн гаргаж байна гэж бодож байна.

Эх сурвалж: www.newslife.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү