ЭЕШ-ын талаар ташаа мэдээлэл тараасан иргэдийг цагдаагаас шалгана


2016-06-27 12:23:52 0 2039

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл тараасан иргэдийг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хариуцлага тооцуулна гэж мэдэгджээ.

ЭЕШ-ийн дараа төгсөгч, эцэг эхийн төлөөлөл болсон хэсэг иргэд шалгалтын хариу задарсан тухай олон нийтэд мэдээлж, улмаар олон нийтийн сүлжээнд ЭЕШ-ын хариуг 500 мянгаар худалдсан, мөнгөөр авсан бар кодтой цаасыг шалгалтад авч орсон тухай ор үндэслэлгүй мэдээллийг тараасан юм.

Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт явуулж, “ЭЕШ-ын хариу задраагүй” гэх дүгнэлт гарсныг өнгөрсөн баасан гаригт албан ёсоор танилцуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Гантулга “Цаашид БҮТ-өөс шалгалтын явцад, хууль хяналтын байгууллагаар тогтоогоогүй материал ашиглаж иргэдэд буруу ташаа мэдээллийг санаатай, санамсаргүй тараасан нөхдүүдийг зохих байгууллагад албан ёсны хүсэлт гаргана” гэлээ. Ийм тайлбар гаргаснаар иргэдийн дунд үүсээд байсан “ЭЕШ-ыг дахиж авна” гэх мэдээллийг холбогдох байгууллагуудаас няцааж, “ЭЕШ-ын засварын ажил хэвийн үргэлжилж байгаа” гэсэн юм. Харин шалгалтын хариу долдугаар сарын 1-н буюу энэ баасан гаригт гарна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү