Нүүрсийг хямд үнээр экспортлох бус дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой


2016-06-27 14:12:29 0 1699

 Манай эрдэмтэд олон жилийн туршид нүүрсний чиглэлийн бүхий л судалгааг хийж ирсэн бөгөөд нүүрсэнд гүнзгий боловсруулалт хийж, “Полимери-Химийн аж үйлдвэр”-ийг монгол улсад хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар академич Б.Пүрэвсүрэн 6 дугаар сарын 24-ний өдөр салбарын эрдэмтэн судлаачид, холбогдох албаны хүмүүс, олон нийтэд нээлттэй илтгэл тавьсан юм. Манай дэлхий одоогоор 14.3 их наяд тонн нүүрсний нөөцтэй.

Харин манай улсын нүүрсний геологийн нийт нөөц 175.5 тэрбум тонн бөгөөд нөөцөөрөө дэлхийд эхний 10 дугаарт жагсдаг. Харин сүүлийн үед байгаль орчны бохирдол, нефтийн үнийн уналтаас болж нүүрсний үнэ унаж, дэлхий нийтээр түүхий нүүрсийг шууд хэрэглэхээс татгалзах боллоо. Улмаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нүүрсийг гүнзгий боловсруулж, хийн ба шингэн түлш, химийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлжээ.

Ингэснээр нүүрс нь дэлхийд эрчим хүчний үндсэн эх сурвалжийн үүргийг гүйцэтгэхээс гадна химийн аж үйлдвэрийн түүхий эд гэдэгтэй эрдэмтэд санал нэгтэй байна. Манай улс нүүрсийг зөвхөн эрчим хүчний эх үүсгэвэр болгон цахилгаан станцууд, хот, аймаг, сум болон айл өрхийн түлшний хэрэгцээнд зориулж жилд 8-9 орчим сая тонн нүүрс хэрэглэж байгаа нь эдийн засгийн хувьд ач холбогдол муутай юм. Тиймээс нүүрсийг хямд үнээр экспортлох бус угааж баяжуулах, коксжуулах, хагас коксжуулах, хийжүүлэх, идэвхжүүлэх ба шингэрүүлэх зэрэг үйлдвэрийг цогцолбор хэлбэрээр байгуулж зөв ашиглах хэрэгтэй гэдгийг доктор, профессор Б.Пүрэвсүрэн дурдав.

Мөн тэрээр “Эдгээр харилцан уялдаа бүхий үйлдвэрийг байгуулснаар Монгол оронд нүүрсний баяжмал, идэвхжүүлсэн нүүрс, кальцын карбид, нийлэг шингэн ба хийн түлш, ацетилен буюу гагнуурын хий зэргийг үйлдвэрлэх бүрэн боломжтой. Үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ их бөгөөд бидний ярьж заншсан жижиг, дунд үйлдвэр цехийн маягаар байгуулах боломжгүй тул төр засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн үндсэн дээр улсын, хувийн болон гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг ашиглах шаардлагатай. 1960 оноос ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн нүүрсний химийн судалгаа хийж эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд нүүрсний химийн найрлагын чиглэлээр хангалттай судалгаа хийсэн тул одоо үйлдвэр байгуулах ажил л үлдсэн. Монгол улсад мяндас, гагнуурын хий зэрэг нүүрснээс гаргаж авдаг бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэдэг. Тиймээс зах зээл ч хангалттай байгаа гэж үзэж байна” гэлээ. Монгол улс нүүрсээ 30 хүрэхгүй ам.доллараар экспортод гаргахын оронд Химийн аж үйлдвэр байгуулж, органик лак, будаг, цавуу, нийлэг мяндас болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой аж.

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү