Буддын мэдлэг ухааныг шинжлэх ухаанчаар тайлах ЭШБХ болно


2017-10-13 01:53:19 0 167

Номын гурван хүрдэн сангаас санаачлан “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ивээлдээ авч зохион байгуулахаар болсон нь хурлын ач холбогдлыг харуулж байна. 


Энэхүү хурлын зорилго нь:
• Монголчуудын мэдлэгийн их өв сангийн нэг хэсэг болсон Буддын мэдлэг ухааныг орчин үеийн шинжлэх ухааны салбаруудтай харьцуулан судлаж, судалгааны үр дүнг хэлэлцүүлэх, 
• Залуу судлаачдыг шинжлэх ухааны үүднээс буддын мэдлэг ухааныг таниж мэдэх, судлах ажлыг дэмжих, 
• Энэ чиглэлийн судалгааг дэмжих төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага хоорондын үр нөлөөтэй хамтын ажиллагааг бэхжүүлж, нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд хувь нэмэр оруулах, 
• Манай судлаачдыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын эрдэм шинижлгээний байгууллага, хувь судлаачидтай хамтран судалгаа хийх, туршлага солилцох, эрдэм шинжилгээний хурал, сургалт зохион байгуулах, хамтын бүтээл туурвих зэрэг үйл ажиллагааг дэмжихэд оршино. 

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Номын гурван хүрдэн сан, ШУТИС, Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, Сан бизнесийн дээд сургууль, Нар Банчин сан хамтран зохион байгуулж байна. Хуралд ШУА, МУИС, АУШУҮИС, Монголын нейросайнс нийгэмлэг, Бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, хот, хөдөөний сүм хийдүүд, лав хувраг, сүсэгтэн олны төлөөлөл оролцож байна. 

Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Төв үзэл ба квант физик, Бурханы шашны бясалгал ба тархи судлалын шинжлэх ухаан, Уламжлалт ба орчин цагийн одон зурхай, анагаах ухаан, Орчин үеийн боловсрол ба Буддын ёсзүй гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд Квант физик, философи, нейросайнс, математик, боловсрол судлал, ёс зүйн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, буддын гүн ухааны өндөр мэдлэгтэй лам хуврагууд илтгэлээ хэлэлцүүлнэ. 

Хуралд эрдэмтэн судлаачид, оюутан залуус, лам хуврагууд, олон нийтийн 400 орчим төлөөлөгчид оролцож эрдэмтдийн буддын мэдлэг ухаан ба шинжлэх ухааны харьцуулсан судалгааны үр дүнг харуулсан илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү