Н.Цагаанхүү дарга аа “Маршил таун” хотхоны хоёр байр усанд автлаа


2018-12-04 10:34:04

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү та “Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдавааг чихдэж Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Маршил таун” хотхоныг зорихгүй бол тэнд аюулын харанга дэлдсээр удлаа. Элитүүдийн гэгдэх шошготой тэр харшид зорчигчтой лифт унасан. Хотхоны 116 дугаар байрны В2 давхар өмхий хөлдүүсээр дүүрсэн гэхчлэн иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн хэд хэдэн баримтыг манай сайт дэлгэсэн.

Гэвч мэргэжлийн байгууллагынхан өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авсангүй. Тэнд хэдэн мянган оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах, цаашлаад амьд явах эрх зөрчигдсөөр байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн ням гарагт тус хотхоны 122, 124 дүгээр байрны зоорийн давхар бүхэлдээ усанд автаж, оршин суугчид эд хөрөнгө, цаашлаад эрүүл мэндээрээ хохиров. Оршин суугчдын тухайд зуны улиралд зоорийн давхар байнга шавар шавхайтай. Үүнээс үүдэж элдэв халдварт өвчин дэгдэхгүй гэх баталгаа алга. Үйлчлэгч нар мянга цэвэрлээд эргээд л ус. Энэ байдал хэдий болтол үргэлжлэх вэ гэдэгт хариулт хайж байсан юм. Тэднийг асуултынхаа хариултыг олж амжаагүй байхад дахиад  хоёр ч байрны зоорийн давхар усанд автав. Аргаа барсан оршин суугчид дахин СӨХ-нд хандаж хөлдүүсийг цэвэрлэх, ус зайлуулах техник ажиллуулсан ч тусыг эс олов.

Хоёр байрны зоорийн давхар усанд автаж, өдгөө мөстөөд байна. Орон сууцаа арилжиж нүүхийг хүссэн оршин суугчид байгаа тар нь танигдаж, зах зээл дээр үнэ хүрэхгүй болсонд гоморхож  байсан.

Эрүүл цэнгэг агаарт, элит зэрэглэлийн орон сууцанд ая тухтай, амар амгалан амьдрах боломжоор хангана хэмээн амлаж, сурталчилж байсан “Эко”-гийнхон хамраа ч цухуйлгахаа больсон гэнэ. Өдгөө олон нийтэд тараа таниулсан хотхон үнэд хүрэхээ больж, оршин суугчдынхаа шүдний өвчин болжээ.

“Эко”-гийн гэх тодотголтой орон сууцнууд хэл ам татлахгүй байх нь ховор. Тийм атал асуудал ихтэй эдгээр барилгыг хүлээн авдаг мэргэжлийн хяналтынхан ч анхаарал татна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү та С.Нямдаваа захирлыг чихдээд явдагсан уу, чихдүүлээд явдаг сан уу барьсан барилга, хүлээн авсан орон сууцаа ямархуу байгааг харна байгаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү