Х.Баделхан: Орон сууцаа таван жил түрээслээд, метр квадратыг нь нь 1 сая 460 мянган төгрөгөөр авах боломжтой


2019-06-05 20:41:41

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээг баталжээ. Ингэснээр төрийн санхүүжилтээр барьсан 1542 айлын орон сууц Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байгаа орон сууцнуудыг түрээслүүлэх боломжтой болсон байна.

Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх бий гэсэн тоо бий. Тэгвэл Засгийн газраас цаашдаа бодит эрэлтийг хангах зорилгоор түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр ажиллах ажээ. Түүнчлэн найман хувийн зээлэнд хамрагдах боломжтой 37 мянган айл өрх байгаа нь тухайн байраа түрээслээд дараа нь 30 хувиа бүрдүүлэх үедээ өмчилж авах боломжтой аж. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: “Буянт Ухаа-2"хороололд 972 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Энэ орон сууцыг түрээсийн орон сууц болгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хөгжлийн банкны зээлээр энэ орон сууцыг барьсан учраас гаргасан зардлаа таван жилийн хугацаанд өртгөө төлөхөөр шийдвэрлэсэн. Улаанбаатар хотод баригдсан 972 айлын орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж байгаа. Хот ямар журмаар, хэрхэн иргэдэд олгохоо шийднэ. Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг хамруулж болно. Таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж авч болно” гэсэн юм. Мөн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-Хөгжлийн банкнаас гаргасан хөрөнгийг таван жилийн дотор төлж дуусгана гэсэн үг үү?

-Энэ барилга ТОСК-ийн захиалгаар Хөгжлийн банкны зээлээр баригдаж байсан. ТОСК өмнөх Засгийн үед өрөнд ороод энэ барилгыг барих боломжгүй учраас дутуу барилгыг Хөгжлийн банк руу шилжүүлсэн. Хөгжлийн банк дутуу эх үүсвэрийг гаргаад 110 тэрбум төгрөгөөр 1542 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Засгийн газрын шийдвэрээр зээлтэйгээ хамт орон нутаг руу шилжүүлэхээр болсон.

-Түрээсийн барилгыг улсын комисс хүлээж авсан уу?

-Улсын комиссыг байгуулж байгаа. Барилга ерөнхийдөө ашиглалтад орсон. Дулааны асуудлыг бүрэн шийдсэн. 75 тэрбум төгрөгийн өртгөөр босч байгаа. Нэг метр кв нь 1 сая 460 мянган төгрөгөөр босч байна. Нийслэлийн Засаг дарга энэ орон сууцыг хэрхэн олгох ямар айл оруулах вэ гэдгийг мэднэ. Өмнөх журам үйлчлэхгүй.

-Түрээслэх үнэ ямар байх вэ?

-Барилгыг Засаг дарга нарын эрх мэдэлд шилжүүлсэн. Дарга нар хэрхэн олгохоо шийднэ. 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж болно. Мөн таван жилээр түрээслээд урьдчилгаагаа бүрдүүлээд ипотект хамруулж болно. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү