Улаанчулуутын хогийн цэгээс өдөрт 100-200 хүн амьдралаа залгуулдаг


2019-06-11 14:46:57

Нийслэлчүүд нэрийг нь хамгийн сайн мэддэг ч ямар амьдрал "буцалж" байдгийг нь мэддэггүй газрын нэг бол улаанбаатарчуудын "үйлдвэрлэсэн" хог хаягдлыг аваачиж асгадаг Улаанчулуутын хогийн цэг. Тэгвэл өчигдөр Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд тус газарт очиж ажиллаа.

Хог түүдэг иргэдийг ажлын байраар хангах ажлыг шат дараатай хийнэ 

Албаныхны очсон зорилго нь хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдэх тодруулбал, тэнд байгаа хүмүүсийг иргэний бүртгэлд хамруулж, бичиг баримттай болгох, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, оношлогоо эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх ажээ. Мөн хогийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүсийг найдвартай ажлын байртай болгох замаар хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхийг хангах, энд ажиллаж амьдарч байгаа иргэдийг бичиг баримтжуулаад бүртгэлд хамруулахад төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх. Ингэснээр ажлын байраар хангах цаашлаад амьдралын буруу хэв зуршлаас салгах зэрэг ажлыг шат дараатай хэрэгжүүлэх аж. Энэ тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг онцолсон бөгөөд тэрбээр цааш нь “Улаанчулуутын энэ хэсэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэд, хүүхэд залуусын амьдралын буруу хандлагыг нь засах, тогтмол ажил орлоготой болгох талаар нийслэлийн удирдлагуудтай хамтраад ажиллаж байна. Энд ажиллаж амьдарч байгаа иргэдийг бичиг баримтжуулаад бүртгэлийн ажил хийгдсэнээр төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Үүний дараагаар ажлын байраар хангах, амьдралын буруу хэв зуршлаас салгах зэрэг ажлыг шат дараалан хэрэгжүүлнэ" хэмээж байлаа.

Нарангийн энгэрээс амьдралаа залгуулдаг хүмүүсийн 50-иас илүү хувь нь хөдоо орон нутгаас ирсэн иргэд

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн болон 26 дугаар хорооны удирдлагын өгсөн мэдээллээр Нарангийн энгэрийн хогийн цэг дээр нэг хэсэг 1000 шахам хүн ажилладаг байсан бөгөөд амьдардаг хүний тоо ч олон байж. Харин сүүлийн үед энэ тоо цөөрсөн гэв байв. Тодруулбал, оны эхэнд 200-400 хүн өдөр бүр тогтмол ирж хог ялгадаг байсан бол өнөөдрийн байдлаар 100-200 хүн болж, хонож амьдардаг айл өрх байхгүй болсон аж. Мөн энд нэг харамсалтай мэдээлэл дуулгасан нь Нарангийн энгэрээс амьдралаа залгуулдаг хүмүүсийн 50-иас илүү хувь нь хөдөө орон нутгаас ирсэн иргэд байдаг ажээ. Гэвч тэд их хөлийн газар өөрийн гэсэн гэр орон байхгүй, айлаар хоног төөрүүлдэг, айлын хашаа гэрт гуйлгаар амьдардаг тул Нарангийн энгэрээс амьдралаа залгуулах мөнгө олдог аж. Энэ үеэр С.Чинзориг сайд олон хүнтэй уулзсан. Тэдний нэг болох ахмад насан Б.Жараа. Тэрбээр өдгөө 64 настай, 8 хүүхэд төрүүлсэн ч одоо гурав нь л байдаг аж. Нутагтаа ах дүү хамаатан садан гээд байх хүнгүй учраас цөөн хэдэн малаа бараад хотод ирсэн. Одоо өөрийн гэсэн гэргүй, айлын гэрийн мод гуйж хог дээрээс юухан хээхэн цуглуулж дээвэр туургатай болгосон. Одоо охиныхоо гурван хүүхэд, хэвтэрт орсон дүүтэйгээ хамт амьдардаг. Тэтгэврийн 320 мянган төгрөг энэ олон амыг тэжээж хүрэхгүй учир хогийн цэг бараадаад арван хэдэн жил болж байгаа. Өөрийн гэсэн гэр, жаахан газартай болчихвол ногоо тариад амьдралаа аваад явчихна гэж байна билээ. Зэс, гууль цуглуулж хоёрдогч түүхий эдийн ченжид өгөөд өдөртөө 20-30 мянган төгрөг олдог. Гэхдээ энэ нь тогтмол биш. Зарим өдөр 5000 төгрөг олбол их юм болдог тухай ч ярьж байсан юм.

Амьдралын эрхээр сургууль завсардан хүүхдүүдэд "Харилцааны хөгжил төв” ТББ-ынхан боловсрол эзэмшихэд нь тусладаг 

Энэ үеэр “Харилцааны хөгжил төв” ТББ-ын хийсэн үйл ажиллагаа анхаарал татсан. Учир нь энэ байгууллага 2013 байгууллагдсан бөгөөд “Улаанчулуут”-ын хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэдийн сургууль завсардсан хүүхэд, залууст дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг аж. Анх 2014 онд сургалтын төв байгуулагдахдаа хогийн цэг дээр ажиллаж байсан 10 гаруй хүүхдийг сургалтад хамруулж тэднийг нийгэмшүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байжээ. Харин одоо тус төвд 50 гаруй хүүхэд гурван ангиар хичээллэж, сургалтын хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул “Нийслэлийн Засаг даргын явуулын ажлын байр иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. “Харилцааны хөгжил төв” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Улаанчулуутын хогийн цэг дээрх иргэдийн зүгээс тулгамдаж байгаа асуудлаар  явуулын ажлын байрт ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд өргөдлөө өгч байна. Эдгээр иргэнд бичиг баримтын зөрчил их байгаа учраас хурдан шуурхай бичиг баримтжуулахаар ажиллаж байна. Үүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамжийн асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа” хэмээсэн. 

Үүний дараа Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гээд сайдыг дагалдан явсан багийнхан "Наран туул" ОУХТ-д очиж ажилласан юм.

эх сурвалж: Imongolia.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү