С.Чинзориг: Бүсийн хэмжээнд асуудлаа хэлэлцэж, туршлага солилцох нь чухал юм


2019-06-11 19:29:30

Иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд ая тухтай ажиллаж, амьдрах эрхтэй. Харамсалтай нь, иргэдэд эрхээ эдлэх нь битгий хэл эрсдэлтэй орчинд аж төрөх болсоор удаж байна. Зун нь уртын харайлт, өвөл нь уран гулгалтаар хичээллэж дөрвөн улирлыг элээх нь энгийн үзэгдэл болжээ, бидний хувьд. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ замыг хэрхэн туулдаг вэ.

Төр болоод хувийн хэвшлийн хаалга иргэн бүрийн өмнө нээлттэй байх учиртай. Гэвч шатнаасаа эхлээд хүнд нөхцөл байдлыг тулгах албан байгууллага дэндүү олон. Шулуухан хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмж, аюулгүй байдал үгүйлэгдсээр өнөөг хүрлээ.

Тэгвэл тэд асуудлаа хэлэлцэхээр ирэх сарын 2, 3-нд Улаанбаатар хотноо чуулна. Энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд асуудлыг бүсийн хэмжээнд хэлэлцэж, бусад орны туршлагыг судалж, санал солилцож, төрийн бодлого шийдвэрт тусгахаараа онцлог юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах гэж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригоор ахлуулсан конгрессыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа.

Ази, номхон далайн  бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв тухайн улсын Засгийн газар бусад олон улсын байгууллагуудтай 4 жил тутамд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг зохион байгуулдаг уламжлалтай. Анх 2008 онд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо тус хурлыг зохион байгуулж байв. Тус хуралд 53 орны  630 төлөөлөгч оролцсон. Хоёрдугаар их хурал нь "Хүн бүрийг хамт олонтой болгоно" сэдвийн дор 2011 онд Филиппин улсын Манила хотод,  гурав дахь удаагийнх нь "Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд" сэдвийн дор 2015 онд Япон улсын Токио хотод болсон байна.

Харин 4 дүгээр их хурлыг Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсад зохион байгуулах гэж байгаа нь энэ. Энэ удаагийн конгрессыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд илүү анхаарал хандуулж буй илэрхийлэл болгож "Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах" гэсэн сэдвийн дор явуулахаар болжээ. Одоогийн байдлаар уг хуралд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас 200 гаруй, Монголоос 400 орчим хүнийг оролцуулахаар төлөвлөсөн байна. Мөн Англи, ОХУ, Австри зэрэг 9 орны зочид, төлөөлөгчид ирэхээр бүртгүүлжээ. Оролцогчдын 40-өөс доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх бөгөөд тэдэнд зориулсан хүртээмжтэй орчинг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатайг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр танилцуулгадаа дурьдсан юм.

Конгрессийг зохион байгуулах хүрээнд зочид буудал, үйлчилгээний ажилчдыг сургалтад хамруулж байгаа аж. Мөн хуралдааны үеэр ажилуулах сайн дурынхныг сонгон шалгаруулж, сургалтад хамруулж байгаа тухай ч танилцуулсан.

Гэвч “Хөвсгөл” болон “Туушин” зочид буудлын удирдлагууд зочид хүлээн авахаа мэдэгдсэн ч сургалтад суухаас цааргалж, татгалзсан талаар Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хотын удирдлагад хэлэв. Улмаар тэднийг сургалтад хамруулах арга хэмжээ авч өгөхийг хүссэн юм.

Хотын дарга С.Амарсайхан энэ талаар анхаарч, холбогдох газруудад мэдэгдэж, сургалтад хамруулахаа хэлсэн юм. Нийслэлийн хэмжээнд 10 байршилд 150 гаруй явган гарцыг налуу болгох ажиллагаа хийгдэж байгаа гэнэ. Мөн 50 гаруй автобусыг тоноглож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх боломжоор хангажээ. Түүнчлэн 11800 метр хэвтээ тэмдэглэгээ хийж, гэрлэн дохионуудыг дуутай болгох ажлыг зохион байгуулж эхэлсэн талаар танилцуулсан юм. Нийслэлийн хэмжээнд хийж байгаа эдгээр ажил энэ сарын 30-н гэхэд 100 хувь дуусах боломжтойг ч тэрбээр онцлон тэмдэглэсэн.

Гэхдээ асуудал, ажлыг ганц конгрессийн хүрээнд хийгээд орхих биш хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд эрх тэгш оролцох нөхцөл боломжийг хангах, дэд бүтцийг бий болгох зорилгоор зарим явган хүний замын тохижилт, шинэчлэл хийх, хүртээмжийг сайжруулах, засварын ажлыг хийж гүйцэтгэхийг холбогдох нийслэлийн харьяа газруудад үүрэгдсэн байна. Энэ талаар хотын дарга С.Амарсайхан “Зөвхөн конгресст зориулж асуудалд хандлахаас илүүтэй нийслэл даяар иргэд оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих, гарцаар аюулгүй нэвтрэх боломжийг бүрдүүлэх нь чухал юм. Энэ хүрээнд нийслэлийн бүх явган хүний гарц гэрэлтэй, дохиотой болно гэсэн үг. Мөн нийслэлийн хэмжээнд явган гарцыг нэмэгдүүлэх, зорчигчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аж ахуйн нэгж иргэдийн оролцоог хангах нь чухал. Өөрөөр хэлбэл, хороо, дүүрэг, хэсгийн ахлагч нарыг оролцуулан аж ахуйн нэгжид албан даалгавар өгсөн. Мэдээж хуулийн хүрээнд. Жишээ нь, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж гадна орчноо тохижуулж, зүлэгжүүлэх, хогоо цэвэрлэх ёстой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж, үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлсэн байх шаардлагыг тавьж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж, гарах явган зам гаргасан байх гэхчлэн. Ажлыг төр эсвэл хот хийх ёстой гээд суух биш. Газар эзэмшиж байгаа бол үүргээ хүлээх учиртай. Хот үйлчилгээгээ үзүүлж, ажлаа уялдуулна. Энэ хүрээнд шат дараатай ажлууд хийгдэж байна” хэмээсэн юм.

Салбарын сайд зочид болон төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангаж өгөхийг хотын удирдлага болон нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газрынхнаас хүссэн. Учир нь хурал нийслэлийн төв цэг болох "Шангрилла" зочид буудлын хурлын танхимд болно. Хурлын танхимд ирэх авто замын хөдөлгөөнийг эдгээр өдрүүдэд зохицуулж өгөх, мөн зочид нийслэл хоттой танилцах боломж нөхцөлийг бүрдүүлэхийг хүссэн юм.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос гаднаас хүмүүс ирэхээр татаж чангаадаг, мөнгө гуйдаг байдал түгээмэл. Энэ байдалд анхаарч, тэдний аюулгүй байдлыг ч мөн  анхаарч үзэхийг сануулж байлаа.

Албан байгууллага бүр нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах хуулийн заалт бий. Харамсалтай нь, энэ заалт амьдрал дээр хэрэгждэггүй. Монгол Улсад 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Тэдний ихэнх нь амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой. Иймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, хотын удирдлагууд хэлэлцэн ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, тэдний аюулгүй орчныг бүрдүүлэх боломж нөхцөлийг судалж, ажил хэрэг болгох гэнэ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар Монгол Улсын Засгийн газраас баримтлаж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, цаашдын чиг хандлагын талаар олон улсын байгууллагуудтай санал солилцоно. Нөгөө талаар Ази номхон далайн бүсийн орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хэрхэн хандаж, ямар арга хэмжээ авч, бодлого хэрэгжүүлж байгаа туршлага солилцож, өөрийн орны бодлоготой, үр дүнтэй зэрэгцүүлэн авах гээхийн ухаанаар хандах юм. Ингэснээр төрийн бодлого шийдвэрт тусгаж, ажил хэрэг болгох нь энэ удаагийн хурлын гол зорилго гэж ойлгож болно. Хуралдааны онцлог нь Ерөнхий сайдын ивээл дор хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө оролцож, зохион байгуулж байгаа явдал” хэмээсэн юм.

Мөн тэрбээр Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа талаар онцолсон. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулсан. Мөн тэдний авч байгаа халамжийн тэтгэвэр амьжиргааны түвшнээс доогуур байсныг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Хамгийн сүүлд гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг нээсэн. Цаашдаа гадны байгууллагуудын туслалцаа дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын цогцолбор байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа талаар ч хэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү