Оюутан цэрэг энэ сарын 17-нд халагдана


2019-08-15 10:52:14

Монгол Улсын Үндсэн хуулиар 18-26 насны залуус эх орноо хамгаалах, цэргийн жинхэнэ албыг заавал хаах үүрэгтэй. Цэргийн насны залуус дараах дөрвөн хэлбэрээр цэргийн алба хаах боломжтой. Үүнд, Нэг жилийн хугацаат цэргийн алба хаахаас гадна цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэн хаах, гэрээт цэргийн алба хаах, “Оюутан цэрэг” хөтөлбөр гэсэн хэлбэрүүд бий.

Тэгвэл "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан "цэрэг" эрс энэ бямба гарагт халагдана. Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилго бүхий оюутан цэргийн сургалтад энэ жил 51 их, дээд сургуулийн 1000 оюутан хамрагдсан.  Тэдний 300 нь Ховд, Зүүнбаян, Эрдэнэт, Өвөрхангай дахь орон нутгийн ангиудад суралцаж байгаа бол 700 нь Улаанбаатарт хичээллэж байгаа юм.

Оюутан цэрэгт хамрагдсан оюутнуудыг цэргийн алба хааснаар тооцохын зэрэгцээ цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшүүлдэг байна. 2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5500 гаруй оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөжээ. Энэ жил тус хөтөлбөрт 7000 гаруй оюутан бүртгүүлснээс энэхүү 1000 оюутныг шалгаруулан авсан бөгөөд тэд ийнхүү тангараг өргөхөд бэлэн болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү