"ХОЁР НҮҮРТЭН”


2019-09-06 09:42:58

Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг, хөгжлийн эх сурвалж уул уурхай гэдэгтэй хэнч маргахгүй биз. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Таван толгой гээд томоохон уул уурхайн үйлдвэрүүд дээр улс орон тогтож байна гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй. Уул уурхайн ашиглалт, олборлолттын үйл явцыг дагалдан байгаль орчины эрсдэлийн асуудал үүсэж байгаа нь үнэн. Олон жил таван хошуу малаа адгуулж ирсэн нүүдэлчдийн бэлчээр газрыг уул уурхайн хүнд машин механизм хөндөж, эвдэж сүйтгэж байгаад хараад талархалтай ханддаг малчид гэж байхгүй.

Уул уурхайн үйлдвэр эрхлэгчид ч гэсэн байгалийн нөхөн сэргээлтийн асуудлыг хангалттай түвшинд хэрэгжүүлж чадалгүй орхиж, ёстой нөгөө “алтыг нь аваад авдрыг нь орхив” гэгчийн үлгэр хөдөө орон нутагт биелж байгааг эсэргүүцэгчид цөөнгүй. Уг нь хариуцлагатай уул уурхайн хөгжил манай улс шиг байгалийн баялаг элбэгтэй улс орны хөгжлийг урагшлуулах гол хөшүүрэг. Харамсалтай нь энэ салбарт хаана хаанаа бодлого алдсан зүйл бий.

Сүүлийн үед нутаг усаа хамгаалагчид, байгаль орчиноо өмгөөлөгчид “нэртэй” элдэв янзын хөдөлгөөн, ТББ-ууд, албан тушаалтнууд, хувь хүмүүс борооны дараах мөөг шиг олшрох болсон. Тэд аль ашигтай ажиллаж байгаа, эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай, үгүй бол шинээр байгуулагдсан уул уурхайн компаниудыг “онилон”, эх оронч, байгаль орчиноо хамгаалагч, уул усаа өмгөөлөгчийн дүр эсгэн “тодорч”, цахим мэдээллийн хэрэгслийг ашиглан лайв хийж, заримдаа бүр уйлж дуулж, эх орон сүйдлээ, гол мөрөн ширгэлээ, нутаг ус сүйрлээ хэмээн нутгийн иргэдээс ч илүүтэй “дуугарах” болсон.

Тэдний энэ үйлдлийг сошиалаас харсан иргэд, олон нийт тэдэнд итгэж, дэмжиж улмаар уул уурхай эрхлэгчдийг элдвэрээх харааж зүхэх нь энгийн үзэгдэл боллоо. Тэдний нэг бол Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч гэх Х.Мандахбаяр. Тэрбээр өөрийн төрөлх нутаг Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коал транс” гэх нүүрсний уурхайн үйл ажиллагааг ХХК-ийн үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас хаах ёстой гэдэг шаардлагыг удаа дараа тавьж, үүндээ хүрэхийн тулд Улаанбаатар хотоос сэтгүүлчдийн баг дагуулан очиж тухайн компаний хууль зөрчсөн хэмээн сурталчлан, нийслэлд акци хэлэлцүүлэг зохион байгуулан санасандаа хүрч, “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсоосон. Ингэж тэр нутгаа хамгаалагчийн дүрээр “олноо” танигдсан.

Харамсалтай нь Х.Мандахбаяр гэдэг хүн үнэхээр нутгаа хамгаалагч мөн үү гэдэг асуултад эргэлзэхэд хүргэх мэдээлэл байна. Тэрбээр нэг гараараа уул уурхайн компаниас нутгаа хамгаалж байгаа гэх боловч нөгөө гараараа Өмнөговь аймгийн Таван толгой компанид хөрс хуулж, нүүрс олборлолт, тээвэрлэлтийн компани болох “Их шижир баялаг” компанийн хувь эзэмшдэг байна. Түүний орлогын эх үүсвэр нь эдгээр хөрс хуулалт болон нүүрс тээвэрлэлтийн компаниуд байдаг гэнэ. Тийм атал “Хоёр нүүр” гаргаж нутгаа хамгаалагчийн дүрийг эсгэж байгаа Х.Мандахбаярыг яалтай билээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү