60 тэрбум болон ЖДҮ-гийн хэргийг шүүхэд шилжүүлжээ


2019-09-06 13:45:39

Нийслэлийн прокурорын газраас хэд хэдэн хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Авлига албан тушаалын гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг. Гэмт хэргийг болоод цаашлаад нуугдмал хөрөнгийг илрүүлэх тал дээр нэлээдгүй хүн хүч, цаг хугацаа шаарддаг. Прокурорын байгууллагын зүгээс хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс нэлээн ажиллаж байна” гэдгийг тодотгосон юм.

Олны анхаарлыг татсан 60 тэрбумын хэргийг харьяаллын шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар тэрбээр “60 тэрбумын гэх тодотголтой хэрэг бий. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутайг нь эцэслэн шийдэх нь зүйтэй хэмээн харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн” гэлээ.

Мөн төрийн албан тушаал хашиж байсан хүн бусдыг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан гэх хэргийг мөн харьяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ.

Төрийн банкны болон Барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бусаар 20 тэрбумын зээлийг олгосон, мөн 14.9 тэрбум төгрөгөөр хууль зөрчин худалдан авах ажиллагаа хийсэн хэргийг мөн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнчлэн ЖДҮХС-тай холбоотой хэргийг прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн, авсан гэх зүйл ангиар харьяалах шүүхэд шилжүүлсэн гэдгийг онцоллоо.

Эдгээр хэргээс гадна олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл хууль бусаар олгосон хэргийг мөн шилжүүллээ.

Салхитын мөнгөний ордтой холбоотой албан тушаалтнуудын хэргийн талаар лавласан сэтгүүлчийн асуултад “Энэ хэргийн тухайд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлтсийн дарга нь бусдаас авлига авсан хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн” гэж хариулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү