Түлшийг буруу хэрэглэснээс иргэд угаартсан гэсэн хариу гарчээ


2019-10-07 12:48:42

Сайжруулсан шахмал түлш хэрэглэсний улмаас угаарын хийнд хордож дөрвөн хүн амиа алдаж, 16 хүн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийх үүрэг өгсөн билээ.

Шинжилгээний хариу гарсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийлээ. Түүний хэлж байгаагаар иргэд хорт бодисонд хордоогүй, угаартсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Тэрбээр "Сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар ГЕГ-ын лабораторид шинжлүүллээ. Нийслэлийн Онцгой комиссын штабд 98 хүн ажилласан. Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Стандартуудыг мөрдөж буй эсэхийг шалгахад нэр бүхий 19 айлаас авсан шахмал түлшний дээж нь чийглэгийг хангасан. Үнслэг нь 23-24 байгаа. Хүхэр нь 0.95-1.04 байна. АМГТГ-ын лабораторид айл өрхөөс авсан дээж болон үйлдвэрийн нунтгаас дээж авч шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангасан гэсэн хариу гарлаа" гэв.

Мөн Гаалийн төв лабораторид цардуулыг шинжлүүлэхэд цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна гэсэн хариу ирсэн аж. Түүнчлэн сайжруулсан түлшинд химийн бодис агуулагдсан эсэх талаар цардуул нь химийн бодис биш гэсэн хариулт өгсөн юм.

Гагцхүү буруу хэрэглээнээс үүдэлтэй дээрх нөхцөл байдал бий болсон хэмээн тэрбээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшээ зөв техникээр хэрэглэхгүй бол болзошгүй тохиолдол гарч мэдэхээр байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү