С.Амарсайхан:Алслагдсан дүүргүүдэд хөрөнгө оруулалтыг хийж хөгжүүлсэнээр хотын төвлөрөл багасна


2019-10-22 19:14:33

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн Багануур дүүргийн ард иргэдтэй үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хоёр дахь удаагаа ирж уулзан, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэн, дүүргийн иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, сонирхсон асуултад хариуллаа.

Багануур дүүргийн иргэн, ахмад настан С.Дуламрагчаа “Эрхэм хотын дарга таныг хүрэлцэн ирж бидэнтэй ирж уулзаж байгаа баярлаж байна. Залуу хүний хувьд их хотынхоо хөгжлийн төлөө урьд ер хийгдэж байгаагүй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаад баярлалаа хэмээгээд Багануур дүүрэгт утаа их байна, сайжруулсан шахмал түлшийг манай дүүрэгт хэрэглэх боломж олгох тал дээр анхаарч өгөөрэй, суурьшлын бүсээс мал амьтныг гаргах  тал дээр анхаарал хандуулах, мөн залуусын цаг баримтлах, хариуцлагатай иргэн болгож хүмүүжихэд ажилд анхаарлаа тавьж ажиллаарай” хэмээн санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан өнгөрөгч долдугаар сард Багануур дүүрэгт ирж ажиллахдаа тус дүүргийн арван байрны дээврийн засварын ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж өгсөнд талархаж буйгаа уулзалтын үеэр иргэд илэрхийлж байлаа.

Уулзалтанд хүрэлцэн ирсэн Багануур дүүргийн ард иргэдийн төлөөлөл хотын даргадаа хүргэсэн зарим санал хүсэлтээс дурьдая.  

Тодруулбал, тус дүүрэгт үйл ажиллагаагаа явуулаад 20 гаруй жил болж буй гэр цэцэрлэгийг байшинтай цэцэрлэг болгох, дулааны цахилгаан станцын үйл  ажиллагаанд анхаарал хандуулан өр төлбөрийг нь барагдуулан хөрөнгө оруулалт хийх, дүүрэгт оюутны хотхоныг байгуулж хотын их төвлөрөлийг алслагдсан дүүргүүдээ хөгжүүлэх, дүүрэгт үүсэд буй утаа, хогны менежментийг сайжруулах, худалдаа үйлчилгээний нэгдсэн төв, авто  зогсоолтой болох, хүүхдүүдийн оюуны хэрэгцээнд нийцсэн орчин үеийн номын сан, музейг дүүргүүдэд байгуулах, иргэдийн амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн, нийгмийн даатгалын ажилтнуудын ажил үйлчилгээн дээр онцгой анхаарал хандуулж мэргэжлийн боловсон хүчнээр хангах, эмх замбараагүй газар олголт, газрын наймааг шийдвэрлэж өгөх зэрэг олон хүсэлтийг гаргалаа.

Иргэдийн өмнө тулгамдсан дээрхи асуудлуудад Хотын захирагч С.Амарсайхан нэг бүрчлэн хариулт өгч, дагалдан яваа Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад дээр дурьдсан санал хүсэлтүүдийг тэмдэглэн авч, чиглэл тус бүр дээр нь анхаарал хандуулан  эргэж хариулт өгч ажиллахыг үүрэг болголоо.   

С.Амарсайхан “Алслагдсан дүүргүүдэд хөрөнгө оруулалтыг хийж хөгжүүлсэнээр хотын төвлөрөл багасна. Тиймээс Багахангай, Налайх, Багануур дүүргүүд рүүгээ чиглэсэн томоохон дэд бүтэц, хөрөнгө оруулалтуудыг цаашид  ч хийнэ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Багануур дүүрэгт ногоон байгууламжийг бий болгоход зарцуулагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгсөн, бид хот байгуулалт судалгааны институтыг байгуулан ажиллаж эхлээд байгаа. Төлөвлөгөөтэйгөөр захын гурван дүүргийг шат дарааллан хөгжүүлнэ” гэлээ.

Уулзалтын төсгөлд дүүргийнхээ иргэд, оршин суугчдын сайн сайхны төлөө ажил үүргээ хангалттай хийж хэрэгжүүлж буй дүүргийн удирдлага болон Багануур дүүргийн нийт ард иргэдэд хандан дүүргийн хөгжил дэвшил та бидний хамтын ажлын үр дүнгээр илэрхийлэгдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга  тодотгон хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү