ОХУ-аас хүнс тээвэрлэсэн 23 тээврийн хэрэгсэл Улаанбаатарт ирнэ


2020-03-19 14:11:07

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн “Цар тахлаас урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөө боловсрууллаа. Энэ хугацаанд Сөүл, Токио, Берлин, Истанбулаас 900 гаруй иргэнээ авлаа. Урд шөнө Истанбулаас 252 иргэн, ажилчидтай нийт 267 хүнийг хүлээж авч, тусгаарлаад байна. Шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн 300 гаруй иргэнийг тусгаарласан. Тусгаарласан иргэдэд 14 хоногийн хугацаанд нэг удаа эргэлт оруулахаар болсон” гэлээ.

Мөн өнөөдрөөс ОХУ-аас хүнс, бараа тээвэрлэсэн 23 тээврийн хэрэгсэл Улаанбаатарт ирэх юм байна. Үүнд 15 гадаад, найман монгол жолооч тээвэр хийж байгаа аж. Монгол жолооч нарыг тусгаарлалтад хамруулах бол гадаад жолооч нарыг байнгын хяналтад байлгаж, гадагш гаргахгүй аж. Улмаар хилээр нэвтрэх үеэр хүнсний бараа бүтээгдэхүүнийг ариутгаж, халдваргүйжүүлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлсэн юм.

Худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид хийсэн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар 6863 зөрчил илрүүлжээ. Үүнээс 5170 зөрчлийг газар дээр арилгуулсан байна. Улмаар чанарын шаардлага хангаагүй 1204 нэр төрлийн 16321 ширхэг, нийт 28 сая 394 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү