Ж.Сауле: Хүнсний хомсдолд орохгүй


2020-03-23 12:12:50

Улсын онцгой комиссийн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд хэвлэлийн ажилтан Б.Дуламсүрэн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хязгаарласан. Гэхдээ нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын иргэдийг Алтанбулаг боомтоор ирэх долоо хоногийн бямба гараг буюу 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэл, Цагааннуур боомтоор 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20.00 цаг хүртэл нэвтрүүлсний дараа хаахаар боллоо. Үүнээс хойш иргэдийг нэвтрүүлэх боломжгүй.

Мөн тусгаарлалтаас гарч байгаа иргэд гэртээ дахин 14 хоног тусгаарлагдана. Гэртээ мөрдөх дүрэм журмыг танилцуулсан. Хэрэв дүрмийг мөрдөж ажиллаагүй бол хүлээлгэх хариуцлагыг мөн хэлэлцэн, шийдвэрлэсэн байгаа. Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дархан, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Увс, Завхан аймагт тусгаарлагдан ажиглагдаж байгаа иргэдтэй холбоотойгоор тус аймгуудын шуурхай штабд холбогдох үүрэг чиглэлийг өгсөн.

 

ОХУ-ын Ташаантын боомт, Монгол Улсын Цагаан нуур автозамын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байна. Үүнээс 11 оюутан өнөөдөр ирж байгаатай холбогдуулан хүлээ авах тусгаарлах байрыг бэлэн болгох бэлтгэл ханган ажиллаж байна” гэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле хүнсний хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр  “Хүнсний хангамж хэвийн байна. Хүнсний бүтээгдэхүүнээр иргэдээ хомсдол оруулахгүй. Өнөөдрийн байдлаар 279 дэлгүүрт нөөцийн мах зарагдаж байна. Мак эскпортлохгүй байгаа. Үүнтэй холбоотой мах экспортлодог аж ахуйн нэгжүүд дотооддоо махаар хангаж байна. Нөөцийн үхрийн ястай мах 7700, ямааны мах 7200 төгрөгөөр худалдаалагдаж байна. Хүнсний тээврийг саадгүй нэвтрүүлж байгаа. Халдваргүйжүүлэлт, ариутгалыг нь хийж, жолоочийг машинаас нь буулгахгүйгээр буцааж байна.

Хүнсний нэрийн гол барааг болох улаан буудай, элсэн чихэр, ургамлын тос зэргийг ОХУ болон эл улсаар дамжуулан оруулж ирж байна. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг 03 сарын 1-ээс зургадугаар сарын 30 хүртлэх хугацаанд НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 5 шуурхай штаб ажиллаж байна. Хүнсний бүтээгдэхүүнийг зохиомлоор үнэ хөөрөгдвөл 109 дугаараар мэдээлэл авч, мэдээллийн мөрөөр зохиох байгууллагуудтай хамтарч арга хэмжээ авч  ажиллаж байгааг бас иргэдэд дуулгая” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү