Тусгаарлагдсан иргэнийг ажлаас халж болохгүй


2020-03-25 12:29:09

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн  "Шуурхай штабаас өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлах байрны тог нэмэгдүүлж ажиллалаа. Мөн тусгаарлах байрнаас гараад гэртээ өөрийгөө хэрхэн тусгаарлах журмыг боловсруулан бэлтгэсэн.

Гуравдугаар сарын 24-25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан. Харин 51 иргэнийг тусгаарлалтаас гаргасан. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах нислэгт ХӨСҮТ, МХЕГ болон холбогдох байцаагч нараас томилон ажиллуулахаар төлөвлөж байна" гэв.

Мөн энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Баясгалан ариутгал халдваргүйжүүлэлтийг нийслэлийн хэмжээнд дахин хийхээр болсныг онцлов. Одоогоор аж ахуйн  нэгж, албан байгууллага, үйлчилгээний байгууллагуудыг ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, байнга хийлгэж байгаа ч цаашид 2,3 гэсэн дарааллаар дахин дахин хийх гэнэ. Энэ нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээс гадна хаврын улирал орж, шар усны үер, гэр хорооллын ил задгай хог хаягдал, нөхөн жорлонгийн асуудлаас үүдэлтэй ариутгал хийх Засаг даргын шийдвэр гарсантай холбоотой гэнэ.  

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Замын-Үүд-Улаанбаатарын боомтоор 30 иргэнийг өнөөдөр татан авч байна. Мөн бараа ачсан тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлнэ. Хил дээрээ татан авах ажиллагаанд иргэн, тээврийн хэрэгсэлд халдваргүйтэл хийж байгаа. Энэ ажил хяналттай явагдаж байгаа.

Өнөөдөр Хятадаас тодорхой тооны оношлуур, амны хаалт ирнэ. Үзүүлж байгаа тусламжийг Онцгой байдал хүлээж авахаар гарна.

Тусгаарлах байрнаас гарах хүмүүс 14 хоног гэртээ байх зөвлөмжийг өгч ажиллаж байна. Өвдсөн бол 28 хоног дэглэм барина. Энэ тал дээр хариуцлагатай байхыг сануулж байгаа.

Гэртээ байсан ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй. Тусгаарлалтаас гараад гэрийнхэнтэйгээ шууд амьдарна. Иймээс ар гэрийнх нь хүний ажлыг зохицуулахыг байгууллагуудад хандан уриалж байна. Учир нь тусгаарлалтад байгаа хүнтэй ойр байчихаад маргааш нь нийтийн тээвэрт сууж, ажлын байрандаа очиж болохгүй юм. Иймээс энэ хүний ажлыг зохицуулах боломжуудыг судлахыг албан байгууллагуудад хандаж хэлж байгаа юм.

Ажил төрлөөс халлаа санал гомдол ирж байна. Төрийн болон хувийн хэвшлүүд ажлаас халж болохгүй. 14 хоног тусгаарлалтад байсныг гэрчлэх бичиг өгч ажиллаж байгаа.

Тусгаарлалтын байранд мэргэжлийн хяналтын байгууллага 14 хоног ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

Алтанбулаг боомтоор Монголын иргэдийг нэвтрүүлж байгаа. Тэднийг Дархан, Эрдэнэтэд тусгаарлаж байсан. Эрдэнэт хотод тусгаарлах байрны ачаалал дүүрсэн. Иймээс тусгаарлах өөр байрны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Иргэдийн анхаарал сүүлийн үед суларч, гадуур дотуур сэлгүүцэх байдал нэмэгдэх хандлагатай байна. Та өөрийгөө хамгаалж чадвал нийтээрээ энэ өвчнөөс хамгаалж чадна. Тиймээс анхаарлаа сулруулахгүй байхыг анхааруулья” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү