Т.Бадрал: Солонгос руу явсан иргэдийг буцааж авчрахгүй


2020-03-26 17:41:12

Улсын Онцгой Комисс хуралдав. Гаргасан шийдвэрийнх нь талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг нар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Ирэх дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл, 4 дүгээр сарын 3-нд Япон Улсаас тусгай үүргийн нислэгээр монгол иргэдээ авчрахаар боллоо. Тусгаарлах иргэдийнхээ багтаамжаас хамаараад нэг нислэгийг түр цуцлах шийдвэр гарсан. Тусгай үүргийн нислэгээр ХӨСҮТ-ийн баг түргэвчилсэн оношлууртай явна. Хоёр цаг тутамд халуун үзнэ. Ирэх зорчигчид, бүх хүн маск, бээлийтэй тогтмол байна.

Тусгаарлалтын байранд байх хугацааг 21 хоног болгон 7 хоног сунгасан. Олон улсын судалгааны дүнгээр нууц үе 5.5-19 хоног байгааг үндэслэж хугацааг уртасгасан" гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал "Эрүүл мэндийн яамнаас шаардлага тавьж, цаашид эрсдэл их өндөр байна гэсэн дүгнэлт гаргасан. Тусгаарлагдах байранд орох цаашид ирэх иргэдийг нэг өрөөнд нэг хүн байлгах шинэ хувилбар гарсан. Ерөнхийдөө цаашид 750 иргэн хүлээж авна гэж тооцсон тул 750 өрөө хэрэгтэй болно. Дээр нь нэмээд 14 хоногийн төлбөр болох 700 мянган төгрөг нь 350 мянган төгрөгөөр нэмэгдэж, нэг сая 50 мянган төгрөг болж, өөрчлөлт орсон. 

Тусгаарлалтын байранд байх хугацааг хамгийн багадаа 21 хоног дээд тал нь 28 хоног болгох дүгнэлт гарсан. Харин 14 хоногоо дуусгаж байгаа, нэгэнт төлбөр тооцоогоо хийчихсэн иргэдийн дараагийн долоо хоногийн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас шийдэх шийднэ.

Өөрөөр хэлбэл сүүлийн тусгай үүргийн дөрвөн онгоцоор ирсэн 1,000 гаруй иргэний хугацааг дахин долоо хоногоор сунгана. Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагыг Улсын онцгой комисс биелүүлэх ёстой" гэлээ.

ХӨСҮТ-ээс өнөөдөр мэдээлсэн 1 тохиолдол нь хоёр хүнтэй өрөөнд тусгаарлагдаж байсан аж. Мөн 18 хоногийн дараа халдвар илэрсэн зэргээс үндэслэн нэг нь нөгөөдөө халдварлах магадлал өндөр болж байгааг Онцгой комиссын гишүүд тайлбарлав. Тиймээс цаашид ирэх иргэдийг тусгаарлагдах байранд нэг өрөөнд нэг хүнийг байрлуулна. Одоо бол тусгаарлах байранд 2-5 хүн нэг өрөөнд байгаа аж.

Нэг өрөөнд нэг иргэнийг байрлуулах учраас тусгаарлах байрны шаардлага нэмэгдэнэ. Тиймээс зочид буудал, аж ахуйн нэгжийг ч  дайчилгааны хуулийн дагуу хамтарч ажиллахыг тэрбээр санууллаа. 

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тусгаарлах байр нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа юм байна. Иргэдийг хаана, хаана тусгаарлах вэ? 

-Байр савны тусгаарлах байрын хотын захад байлгах асуудал ярьсан. Бидэнд бэлэн байгаа байрнуудын хамгийн дээд тал нь 300 орны багтаамжтай хотын гадна нэг амралт байна. Энэ байгууллагатай хамтарч ажиллана. 300 орны багтаамжийг өрөөгөөр нь тооцохоор 60-70 өрөө болно. Тиймээс дахин өөр байр шаардлагатай байгаа. 

-Өнөөдөр мэдээлэгдсэн коронавирусийн халдвартай нь тогтоогдсон иргэн өрөөндөө хэдэн хүнтэй байсан бэ? 

-Сүүлийн тохиолдол нь өрөөндөө хоёулаа зочид буудалд байсан. Тэр хоёр хүний нэг нь ХӨСҮТ-д эмчилгээнд нөгөө нь хяналтад орсон.

-14 хоногийн хугацаатай тусгаарлагдаж байгаа иргэд төлбөрөө төлсөн. Эдгээр иргэдээс дахин долоо хоногийн төлбөр нэмж авах уу? 

-Тэдгээр иргэдийн сунгасан долоо хоногийн төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдэхээр болсон. 

-БНСУ-руу буцах хүсэлт гаргасан оюутан сурагчдын асуудлыг хэрхэн шийдсэн бэ? 

-Манай улсын 320 иргэн БНСУ-руу явах хүсэлт гаргасан. Тэдгээр иргэдийн 250 орчим нь эхний онгоцоор явна. Үүнд хориг байхгүй. Гэхдээ эргэж ирнэ гэдэг асуудал байхгүй.  Олон улсын нислэгийн үйл ажиллагаа хэвийн горимдоо ортол тэдгээр хүмүүсийг хүлээж авахгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү