С.Амарсайхан: Уулын аманд гэр бүлээрээ салхилах боломжийг нээнэ


2020-03-30 13:51:23

С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Нийслэлийн онцгой комиссоос уулын ам, фитнесс клуб, сургалтын төвийн үйл ажиллагааг хаагаад байсан. Эл хөл хорионы хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.

Тэгвэл хөл хорионы хугацааг дахин сунгахаар болжээ. Энэ талаар С.Амарсайхан “Дэлхийн улс орнуудад Covid-19 эрчимтэй тархаж байгаа тул өмнө нь гаргасан хөл хорионы шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Тухайлбал, олон нийт цуглаж болох газар, фитнес, спорт зал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориогоо дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэж байна.

Уг нь ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн зарим газруудыг нээхээр төлөвлөж байсан ч коронавирусийн халдварын 2 дахь давалгаа Азид бий болоод байна. Иймээс нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед өмнөхөөсөө илүү сонор сэрэмжтэй байж, хөл хориог чангатгах учиртай.

Иймээс дээрх байгууллагуудын үйл ажиллагааны хориог үргэлжлүүлэхээр болсон.

Өнгөрсөн хугацаанд албан байгууллага, нийтийг хамарсан ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатай хийж байна. Цаашид жилд 3 удаа бүх нийтийг хамарсан ариутгал, халдваргүйжилтийг хийнэ. 4 сард 200 гаруй мянган өрхийн жорлонгийн ариутгал халдваргүйтлийг хийнэ” гэлээ.

Мөн хотын дарга цахимаар иргэдийн санал гомдлыг авахаар болжээ. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй тэрбээр хамт суун зарим асуудлыг шийдвэрлэж байхаар болсон байна.

Уулын аманд, агаарт гарах асуудлыг нээлттэй болгох өгөх боломж бий эсэх асуултад тэрбээр “Энэ боломжийг бий болгож өгнө. Гэхдээ бөөгнөрөхгүй, олноороо явахгүй.

Хүүхдийг хэт их гэрт нь байлгах нь тийм ч зохимжтой биш. Харж хандах, харгалзах том хүнтэй бол уулын аманд, салхилж болох газруудад тодорхой хэмжээний аюулгүй байдлаа хангавал салхилах нь хориотой зүйл биш” гэлээ.

Гол уснаас зайдуу явах, ариун цэвэр, халдваргүйтэл, орчны бохирдол үүсгэхгүй байхыг анхаарууллаа.

Хэсгийн хороодын ахлагч нар олон улсын байцаагчийн үнэмлэхтэйгээр эргүүлд гарч, ажиллаж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан этгээдийг торгох шийтгэх эрхтэй болж байгаа гэсэн үг. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү