Газраа чөлөөлсөн иргэд орон сууцны түлхүүрээ гардлаа


2020-05-22 11:49:32

Баянзүрх дүүргийн 19-р хорооны иргэд газраа орно сууцаар сольж, түлхүүрээ өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас гардан авлаа.

Энэ үеэр хотын захирагч С.Амарсайхан түлхүүрээ гардан авч байгаа иргэдэд баяр хүргээд “2019 оны III улирлаас эхлээд нийслэл анх удаа газрыг орон сууцаар солих, мөн түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэддээ санал болгох ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр газраа чөлөөлөөд орон сууцанд орох боломж бүрдэж байна. Өмнө нь газраа чөлөөлсөн ч байр нь ашиглалтад орохгүйгээр олон жил орох оронгүй болж хохирсон олон иргэн бий. Тийм байдалд иргэдийг оруулахгүйн тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпрациас онцгой анхаарч, иргэдээ онрон сууцжуулах, орон сууц, дэд бүтэц бодлогыг илүү эрчимтэй, зөв, чанартай явуулах ажлыг анхаарч  зохион байгуулалтыг хийж байна.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 5 га газар чөлөөлсөн. Баянзүрх дүүргийн 19-р хороонд 4.8 га газар чөлөөлсөн. Эргээд орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ногоон байгууламжтай, авто машины зогсоолтой айл өрх ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байдлаар зохион байгуулж байна.

Өнөөдөр нийслэлд өндөр байшингууд сүндэрлэж байгаа ч автомашины зогсоол алга. Хүүхдийн тоглоомын талбай, иргэд ая тухтай амьдрах боломж хомс, тэр бүү хэл, гэрээсээ орж гарахдаа хүртэл 2-3 цагаар түгжирдэг хотхон, хорооллууд бий. Энэ буруу жишгийг давтахгүйн тулд аль болох зөв төлөвлөлттэй зохион байгуулахад анхаарч байна” гэлээ.

Мөн тэрбээр газраа орон сууцаар сольсон ч, түрээслээд өмчилсөн ч хөрөнгөө зарцуулан байж авч байгаа орон сууц нь чанартай, ирээдүйн үнэ цэнэ нь өндөр, аятай тухтай байх ёстой гэдгийг онцлов.

Нийслэл анх удаа Нийслэлийн орон сууцны корпрацийг байгуулж, хөнгөлттэй нөхцөлөөр иргэдээ орон сууцжуулж эхэлж байгаа билээ. Ингэснээр иргэд байраа томруулах болон түрээслээд өмчлөх боломж нээгдэж байгаа юм.

Газраа чөлөөлсөн 270 гаруй иргэн орон сууцанд хамрагдаж, яндангийн тоо 170 гаруйгаар буурч байгаа аж.

Баянзүрх дүүргийн 19-р хорооны 79 өрх газраа чөлөөлжээ. Тэдний төлөөлөл болсон 10 өрх өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү