Л.Мөнхтүшиг: ОХУ-аас нийт 80 гаруй хүнийг Алтанбулагийн боомтоор нэвтрүүлэхээр төлөвлөсөн


2020-10-16 11:27:57

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаарх мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр “91 удаагийн нислэгээр 18.021 иргэнийг агаарын замаар, авто замын боомтуудаар татан авалтаа нэгтгэвэл 22.566 иргэнийг эх оронд нь авчраад байна. Ойрын хугацаанд ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй цөөн тооны иргэд, мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг буюу сургуульд багшилдаг, байнга оршин суудаг ОХУ-ын иргэн гээд нийт 80 гаруй хүнийг ирэх 7 хоногт Алтанбулагийн боомтоор нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог нарийвчлах ажлыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар хилийн чанадад байгаа Элчин сайдын яам, Консулын газраас ирүүлсэн мэдээгээр яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом буурч Ази, Европ, АНУ-аас нийтдээ 150 орчим иргэн буцах хүсэлтэй талаар мэдээлсэн. Үүнд БНСУ ороогүй. Учир нь тус улсад манай улсын иргэд хамгийн олноор оршин суудаг. Энэ сарын 12-нд Сөүл дэх Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээгээр буцах хүсэлтээ бүртгүүлсэн иргэдийн 4388 байгаа бол энэсард буюу өнөөдрийн нислэгээс гадна 5 удаагийн нислэг тус улс руу үйлдэнэ. Энэ нислэгүүдээр 1200 гаруй иргэн ирнэ гэж тооцвол буцах хүсэлтэй иргэдийн тоо 3100 орчим болж буурна.

Гэхдээ Сөүл дэх Элчин сайдын яам үлдэж байгаа 3100 гаруй иргэнийг нэн яаралтай буцах хүсэлтэй эсэх тоон мэдээллийг гаргахад тодорхой хүндрэлүүд байна. Иргэдийн хувьд 7 сарын дундаас эхлээд буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй гаргадаг болсонтой холбоотойгоор бүртгүүлэх байдал нэмэгдсэн. 7 сарын эхээр 2000 гаруй хүн буцах хүсэлтэй гэдгээ мэдэгдэж байсан бол энэ тоо 8 сард огцом нэмэгдэж 4000-д хүрсэн.

Сөүл дэх Элчин сайдын яамнаас ойрын өдрүүдэд үйлдэх 5 удаагийн нислэгээр өнгөрсөн саруудад нутаг буцах хүсэлтээ гаргаад УОК-оос тавьдаг 5 шаардлагад нийцсэн бүх иргэн эх орондоо ирж дуусна гэсэн мэдээллийг өгсөн.

 Шалгуурын болзол хангаагүй цөөн тооны иргэдийг 10 сар гараад буцах хүсэлтээ тавьсан. Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн тоо Сөүл дэх Элчин сайдын яамны бүртгэлд 97 орчим хувийг эзэлж байгаа. 

Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг УОК-оос батлуулахад Сиатл руу нислэг үйлдэх эсэх талаар мэдээлэх тухай танилцуулж байсан. АНУ-д байгаа Элчин сайдын яам болон холбогдох газруудаас авсан мэдээллээр 10 сарын 16-н буюу өнөөдөр ирж байгаа нислэгт буцах хүсэлтэй иргэд хамрагдсан учраас үлдсэн иргэдээс дахин нарийвчилж мэдээлэл авахад 10 сард нутаг буцах боломжтой гэдгээ мэдэгдсэн иргэдийн тоо 46 буюу цөөн байгаа учраас эдгээр иргэнийг транзит нислэгээр авах боломжтой гэж үзээд Токио хот руу 10 сарын 28-нд дахин нэг нислэг үйлдэхээр боллоо. 

Энэ сарын 1-нээс Япон улсын Эдчин сайдын яам тус улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэдэд виз олгож эхэлсэн. Үүнд оюутнууд, хөдөлмөр эрхлэх иргэд багтаж байгаа. Энэ сарын 10-нд Токио руу иргэд явсан бол дахин өнөөдрийн байдлаар виз аваад байгаа 300 давсан. Иймээс Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдэж, виз авсан иргэдийг хүргэнэ. Буцахдаа тус улсаас нутаг буцах хүсэлтэй цөөн тооны иргэдээ авчирна.

Холимог гэр бүлтэй хүмүүс Хятад руу явах хүсэлтээ гаргаад хэдэн сар болж байна. Гадаад харилцааны яам Хятадын талтай удаа дараа хэлэлцээр хийсний үр дүнд эдгээр иргэнд эхний ээлжинд виз олгож эхэлсэн. Эхний ээлжинд 50 иргэнийг Эрээн хотод тусгаарлах байрны нөөц бололцоонд тулгуурлаж хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг Өвөрмонголын шуурхай удирдлагын төвөөс өчигдөр орой мэдэгдсэн" гэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү