Монголын биш БНХАУ-ын 5 иргэнээс халдвар илэрсэн байна


2020-10-22 16:00:59

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь БНХАУ-ын ААН-ын хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Москва-Улаанбаатар-Хөх хот-Бээжин чиглэлд ОХУ-д саатсан БНХАУ-ын иргэдийг БНХАУ-руу тээвэрлэн хүргэх захиалгат нислэгийг үйлдсэн. Энэхүү нислэгийг Боинг 767 маягийн агаарын хөлгөөр үйлдэж “Буянт-Ухаа” ОУНБ-д түлш цэнэглэсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буухгүй байхаар зохион байгуулагдсан.

Мөн зорчигчдод ОХУ-д шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьсан боловч Хөх хотод Ковид-19 вирусийн шинжилгээ авахад БНХАУ-ын 5 иргэнээс халдвар илэрсэн байна. Энэ төрлийн нислэгийг БНХАУ-ын ИНЕГ-ийн зөвшөөрлөөр хийгддэг ба одоогийн байдлаар нислэг үйлдэж байгаа компаниудаас Ковид-19 халдвартай зорчигч илэрсэн гэсэн үндэслэлээр Ethiopian Airlines (5 долоо хоног), China southern (5 долоо хоног), Saudi Arabian Airlines (1 долоо хоног), Vietnam Airlines (1 долоо хоног) болон МИАТ Mongolian Airlines (1 долоо хоног)-ийн нислэгүүдийг түр хугацаагаар зогсоосон.

МИАТ ТӨХК нь Ковид-19 вирусийн халдвар илэрснээс хойш үйлдэж буй бүх захиалгат болон тусгай үүргийн нислэг бүрийн дараа агаарын хөлгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монгол Улсын ХӨСҮТ болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын ХӨСҮТ, ЗӨСҮТ-ээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохих дүрэм, журмын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, жирийн үед 6 сар тутамд сольдог агаарын хөлгийн шүүлтүүрийг нислэг тутамд солин өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Дээрх нислэгт ажилласан МИАТ ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүн Ковид-19 шинжилгээ өгч халдваргүй гарсан болно" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү