Ж.Сандагсүрэн: Аль болох тэг зогсолт, хатуу хөл хорионоос татгалзаж байгаа


2020-11-24 13:19:48

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа 2020.12.01-ний өдрөөс цааш хэрхэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар лавлав.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан бэлэн байдлын зэргийг үргэлжүүлэх эсэхийг шийдэхэд эрт байна гэсэн юм. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дотооддоо халдвар тархснаас хойш 13 хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд халдвар голомтолсон хэлбэрээр улсын хэмжээнд тархсан хэвээр байна. Улаанбаатар хотын хувьд 2 голомтоос эх үүсвэртэй ойрын хавьтлаас тохиолдлууд илэрч байна. Цаашдаа 2020.12.01-нээс хойш хөл хорионы хэрхэн үргэлжлэх нь халдварын нөхцөл байдлаас шууд шалтгаална. Одоогийн байдлаар хөл хорионы дэглэм үргэлжилнэ гэж хэлэхэд эрт байна. Хэрэв шинээр голомтууд бүртгэгдвэл хөл хориог үргэлжлүүлэхээс өөр аргагүй болно. Шинэ голомт нэмэгдэхгүй бол хөл хориог 4 үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ" гэлээ.

Ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг таслахгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Дэлхийн улс орнуудын туршлагыг бид судалж, ярилцаж байна. Халдвар тархсан эхний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд тэг зогсолт огт хийгээгүй. Хүнс болон бусад дэлгүүр, зарим бизнесийн байгууллагуудыг хэвийн нөхцөлд нь ажиллуулж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг ярилцаж байгаа. Хэдийгээр цар тахалтай тэмцэж байгаа боловч нөгөө талд нь эдийн засаг, ард иргэдийн амьдрал ахуйг заавал давхар авч явах ёстой гэдэг дээр хотын захиргаа нэг байр суурьтай байгаа. Цар тахлын үед бизнесийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагаас өгсөн анхааруулга, сэрэмжлүүлэг, чиг үүргийн дагуу нийцүүлж ажилуулах чиглэлээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Нэгэнт эрүүл мэндийн байгууллагаас энэ нөхцөлд иргэдийн хөл хориог саармагжуулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа учраас хотын захиргаанаас үүнд тохируулж арга хэмжээгээ зохион байгуулж байгаа. Аль болох тэг зогсолт, хатуу хөл хорионоос татгалзаж байгаа" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү