Л.Эрдэнэчулуун: Үйл ажиллагаа нь эхэлж байгаа байгууллагын ажилчид шинжилгээнд хамрагдана


2020-12-01 14:10:34

Нийслэлийн онцгой комиссийн ээлжит мэдээллийн цагаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарсан. Энэхүү тогтоол нь бэлэн байдлын зэргийг бууруулах тухай юм. Ингэснээр Улаанбаатар хотод 18 салбарын нийтдээ 13.000 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа 2020.12.01-ний өдрөөс нээгдэж байгаа. Эдгээр байгууллагын үйл ажиллагаа нээгдсэнтэй холбоотой мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

Мэдэгдэл үндсэн 2 агуулгатай байгаа. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эхлэхийн өмнө ямар бэлтгэл ажлыг хангах ёстой, мөн эхэлснээс хойш өдөр тутмын үйл ажиллагаандаа халдвараас сэргийлэх хүрээнд зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар юм.

Мэдэгдэлийг цахимаар өгч байгаа бөгөөд хяналтыг ч мөн цахимаар хийх юм. Мөн иргэдээс гомдлыг цахимаар хүлээн авна. Иргэнээс гомдол ирсэн даруйд шуурхай баг газар дээр нь очиж, хяналт шалгалт хийнэ.

Өнөөдрийн байдлаар 13.000 аж ахуйн нэгж байгууллагад 31 албан хаагч цахимаар мэдэгдлийг хүргүүлж байна. Мөн зөвлөмж мэдээлэл, стандартыг мэргэжлийн хяналтын байгууллагын цахим хуудсанд байршуулсан.

Байгууллага үйл ажиллагаа эрхлэхийн өмнө 2-3 удаагийн их цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийнэ. Мөн ажилчид нь сайн дурын үндсэн дээр коронавирусийн шинжилгээнд хамруулна. Хэрэв ажилтан гэрийн тусгаарлалтад байгаа бол чөлөө олгох асуудал яригдана.

Мөн ажилчдын ширээ сандлыг 1.5-2 метрийн зайтай байрлуулна. Шаардлагатай цэгүүдэд спиртэн суурьтай гар уусмалын халдваргүйжүүлэлтийг зайлшгүй байрлуулах шаардлагыг ажил эхлэхийн өмнө тавьж байгаа. Үйл ажиллагаа эхлэхийн өмнө бүх ажилчдаа шинжилгээнд хамруулах байх ёстой.

Хэрэв мэдэгдлийн заалт бүрийг хэрэгжүүлж ажиллаагүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Нийслэлийн захын хорооллууд буюу гэр хорооллын дэлгүүрүүдээр хяналт шалгалтыг их хийж байна. Учир нь захын хорооллын дэлгүүрүүдэд хугацаа дууссан, хадгалалтын горим зөрчигдсөн хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах нь элбэг. Тухайлбал, хиам, наплион торт, хугацаа дууссан хэрчсэн гурил нэлээдгүй илэрсэн. Дотоодын хяналтаар эдгээр бүтээгдэхүүнийг устгаад явж байна.

Ойрын өдрүүдэд эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг шалгаж байна. мөн эмнэлгүүдийн анхан шатны тусламж үйлчилгээ, бэлэн байдалд хяналт тавьж байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү