Хотын иргэний стандартыг бий болгоё


2020-12-04 20:49:27

Хотын иргэн гэж хэнийг хэлэх вэ. Улаанбаатарт ажиллаж, амьдарч байгаа та хотын иргэн мөн үү. Энэ асуултад олон хүн “тийм” гэх байх. Гэхдээ бодит байдал дээр хотын иргэн гэх ойлголтыг байршлаас хамаарч дүгнэх нь өрөөсгөл юм. Эхний шалгуур хотын оршин суугч байж болох ч дараагийн шалгуурууд нь соёл, харилцаа, хандлага гэхчлэн олон үйлдэл чухлаар тавигдана. Энэ бол гарцаагүй.

Бид хотын стандартыг сайжруул, аюулгүй орчноор ханга, нийтийн эзэмшил, тоглоомын талбайг засч янзал гэхчлэн маш олон шаардлага, гомдлыг тавьдаг. Ийм хэрнээ иргэд өөрсдөө нийтийн эзэмшилд ариг гамтай ханддаггүй нь нууц биш. Иргэд өөрсдөө хог, шүлс, нусаа ил задгай хаяж орчныг бохирдуулдаг, нийтийн эзэмшлийн хогийн сав, сандал, ширээ гэх зэргийг эвлээд хаячихдаг. Нийтийн тээврээр зөв боловсон зохистой үйлчлүүлж чадахгүй тохиолдол ч гардаг. Үүнийг юман чинээ тоодоггүй хэрнээ төр засаг гэж уулга алдахыг бол харин ч сайн хийдэг шүү дээ. Гэхдээ бүх хүнийг үүнд буруутгаж байгаа юм биш. Соёлгүй, бүдүүлэг үйлдэл гаргагч хүн бүрийг хэлж байгаа гэдгийг ойлгох буй за.

Хотын иргэний стандартыг бий болгомоор байна. Иргэд өөрсдөө хотын соёлтой, стандарттай байх ёстой. Нью-Йорк хотын нэгэн жишээг ярьж өгье. XX зууны эхээр тус хотынхон соёлоор “цангаж” байж. Тухайн үеийн удирдлагууд гайхалтай санаа гаргаж, “Би Нью-Йоркдоо хайртай” гэсэн аяныг өрнүүлж, хотын соёл гэж чухам юу юм гэдэг хэмжүүрийг тогтоосон байна. Харин энэ хэм хэмжүүрийг зөрчсөн иргэдийг “Нью-Йоркийн иргэн биш” хэмээн тооцдог болжээ. Энэ аян нь Нью-Йоркчуудад үр дүнгээ өгч, тэд бүгд соёлын хэмжүүрээ бага багаар дагаж мөрдөж эхэлсэн нь өнөөдрийн түвшинд соёлыг хөгжүүлсэн хотын нэгд зүй ёсоор ороход хүргэсэн гэдэг. Манайх ч мөн хотын соёлын хэмжүүрт юу орох ёстой юм гэдгийг тодорхойлчихмоор гэлтэй. Зарим хүний үйлдлээс харахад хотын соёл гэж юу болохыг өөрсдөө сайн ойлгохгүй мэт л харагддаг болохоор дээрх жишээг дурьдав.

Стандарт гэдэг нь “Тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг байна. Яг үүнтэй адил тодорхой хэм хэмжээг бий болгох буюу соёлтой, бусдад саад болохгүй, нийтийн эзэмшилд ариг гамтай байх зэргээр нийгмийн харилцаанд орох шаардлагатай. Мөн үүнийг бүх хүн даган дуурайж, дадал болговол бид хотын соёлтой, стандарттай иргэнийг бий болгож чадах юм.    

Та, би, бид өөрсдөө жинхэнэ хотын иргэн шиг иргэн байж чадсаны дараа нийгэмд үүсдэг олон асуудал тэр хэрээрээ арилах болно. Өөрөөр хэлбэл, иргэдийн соёлгүй, болчимгүй үйлдлээс болж нийгэмд маш олон асуудал үүсдэг. Тиймээс л хотын иргэний стандартыг бий болгоё гээд байгааг иргэн та хүлээн зөвшөөрөх үү?

Эх сурвалж www.power.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү