Баянгол дүүргийн 5, 6 хорооны оршин суугчдыг хамгаалалтад авлаа


2021-01-08 09:31:31

Шастны нэрэмжит 3 дугаар эмнэлгээс 10 дугаар хороолол хүртлэх хэсэгт хөдөлгөөний хязгаарлалт хийж, хамгаалалтад аваад байна. Тодруулбал, энэ хэсэгт иргэдийг гэрээсээ гарахгүй мөн оруулахгүй бөгөөд тухайн хэсгийн оршин суугчдаас явуулын баг шинжилгээ авахаар болжээ. Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулна.

Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.

 
25 дугаар эмийн сангийн уулзварын баруун талаас Сапорогийн уулзвар,түүнээс хойш ГССҮТ-ийн баруун урд уулзвар хүртэл буцаад зүүн тийш Улаанбаатар паласын зүүн хойд уулзвар хүртэл хэсэгт хязгаарлалт тогтоожээ.

Баянгол дүүргийн Засаг дарга, Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу коронавирусийн халдварт өвчинтэй холбогдуулан тус дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийн явган зорчигч болон автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг 2021.01.11-ний 06:00 цаг хүртэл хийж байгаа нь энэ юм. Энэ хугацаанд хязгаарлалт тогтоосон хэсэг дэх эмнэлгүүдийн ажилчид, онцгой байдлын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлнэ гэдгийг ТЦА-наас мэдээллээ.

Хязгаарлалт тогтоосон 5,6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү