Жил тутам 12 сая охин 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэж байна


2021-01-16 10:04:37

Үндэсний статистикийн хорооноос жендерийн зарим үзүүлэлтийн олон шатлалт задаргааг хийжээ. Тэрхүү задаргааны зарим хэсгээс танилцуулж байна.

Хөгжлийн үйл явцаас хэн ч ард үлдэж хоцрохгүй байх ёстой. Хэнийг ч ард үлдээн хоцроохгүйн тулд ТХЗ-2030 хөтөлбөрийг дэлхийн улс орнууд тунхаглан баталсан билээ. Гэсэн ч охид, эмэгтэйчүүд хөгжил дэвшлээс олж авах боломж хязгаарлагдмал, жендерийн уламжлалт ялгаварлан гадуурхалт оршсоор байгаа юм. Дэлхийн хүн амын тал хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Энэ ч утгаараа дэлхий дээрх нийт нөөц бололцоо, хүчин чадлын тал хэсэг нь эмэгтэйчүүдээс хамаардаг гэсэн үг юм. Хэрвээ тэдний амьдралын нөхцөл дээшилбэл энэ нь нийт нийгэм даяар тархана.

Эмэгтэйчүүд зохистой хөдөлмөр эрхэлж, өөрийн гэсэн тогтмол орлоготой болсноор зөвхөн ядуурал буураад зогсохгүй тэднээс хамаардаг охид, хөвгүүд илүү дээр боловсрол, эрүүл мэнд, шим тэжээлээр хангагдах нөхцөл бүрдэх юм.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгах нь бүх насны хүмүүсийн сайн сайхан, эрүүл саруул амьдралтай (ТХЗ-3) холбогддог. НҮТС-2018 судалгаанаас тооцсон олон шатлалт шинжилгээгээр, гачигдлын хамгийн хүнд хэлбэрт Хангайн бүсийн аймгийн төвд амьдардаг аж байдлын доогуур түвшний 15-49 насны эмэгтэйчүүд амьдарч байна. Эдгээр эмэгтэйчүүдийн

  • 57.8 хувь нь ундны усны суурь хэрэглээгээр хангагдаагүй
  • 34.7 хувь нь ариун цэврийн суурь үйлчилгээг ашиглаж чадахгүй
  • 100 хувь буюу бүгд хоол болгох цэвэр түлш болон амьдрахад тохиромжтой зай талбайтай орон гэргүй
  • 17.6 хувь нь насанд хүрээгүй байхдаа гэрлэсэн байна

Дэлхий дахинд жил тутам 12 сая охид 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэж байна. Энэ нь минут тутамд 23 охид буюу 3 секунд тутамд 1 охин 18 насанд хүрэхээсээ өмнө гэрлэж байна гэсэн үг юм. Насанд хүрээгүй байхдаа гэрлэх нь охидын хувь хүний хөгжил болон эрүүл мэндийг эрсдэлд оруулж, жендерийнтэгш бус байдлын үндсэн суурь болж, охидэмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар эрэгтэйчүүд, хөвгүүдээс доогуур гэсэн үзлийг бий болгодог.

Эрт гэрлэх явдал нь чинээлэг өрхийн эмэгтэйчүүдэд ч мөн тохиолдож байна. Өрхийн аж байдлын түшингээр хамгийн чинээлэг бүлгийн 15-49 насны эмэгтэйчүүдийн 5 орчим хувь нь насанд хүрээгүй байхдаа гэрлэсэн бол аж байдлын бусад хэлбэрүүдэд эрт гэрлэх явдал нийтлэг тохиолдож байна.

Муслимийн шашинтай өрхөд эрт гэрлэх явдал дундаж түвшнээс 3.7 дахин бага тохиолдож байгаа бол Буддын шашинтай өрхийн эмэгтэйчүүдийн 8.5 хувь, шашин шүтдэггүй өрхийн эмэгтэйчүүдийн 10.0 хувь нь насанд хүрээгүй байхдаа гэрлэжээ. Харин шашин шүтлэгийн бусад хэлбэрүүдэд эрт гэрлэх явдал хамгийн өндөр байгаа ч нийт эмэгтэйчүүдийн дунд эзлэх хувийн жин харьцангуй бага хэмжээтэй байна

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг амьдарч буй бүс, байршлаар задалж харвал эрт гэрлэх явдал төвийн бүсийн сумын төв, хөдөөгийн багт амьдардаг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн өндөр, 13.5 хувьтай, баруун бүсийн аймгийн төвд амьдардаг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн бага, 2.7 хувь байна.

Аж байдлын түвшин, байршлаар задалж харвал, аж байдлын дундаас дээгүүр, дээгүүр түвшин бүхий -хотод амьдардаг 15-49 насны эмэгтэйчүүдийн эрт гэрлэх явдал хөдөөд амьдардаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа бол аж байдлын түвшин доошлох тусам эрт гэрлэлт нь хот, хөдөөд зөрүүгүй болж байна.

Насанд хүрээгүй байхдаа гэрлэх явдал өрхийн аж байдлын түвшин дээгүүр үед ч өндөр хэвээр хадгалагдсаар байгаа нь жендерийн тэгш бус байдлын үндэс суурь манай орны нийгмийн бүхий л давхаргыг хамран оршин байсаар байгааг илтгэж байгаа юм

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү