Д.Сумъяабазар: Нийслэлийн нийт эдийн засаг 21 их наяд


2021-02-19 15:47:45

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний явц болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний явц өндөр байна. Дүүрэг, хороод сайн зохион байгуулалтад орж, иргэдийнхээ төлөө дүүргийн удирдлагууд сайн ажиллаж байна. Иргэд шинжилгээ өгөх идэвхи маш өндөр байна. Эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн 412.000 гаруй өрхийг шинжилгээнд хамруулахаар тусгасан. Энэ дагуу лабораторийн хүчин чадал, сорьцыг тооцсон байсан. Нэг өрхийн 2 хүн шинжилгээнд хамрагдах байдал нэмэгдэж ачаалал үүссэн. Хүчин чадал эрс нэмэгдэж байгаатай холбоотой тухайн өрхүүдийг шинжилгээнд хамруулах байдал хоцрогдох, шинжилгээний хариу хүлээгдэх хүндрэл гарч байгааг холбогдох албаныхан бичгээр ирүүлсэн.

Энэ сарын 23-наас хөл хорио тавигдаж, вакцинжуулалт эхэлнэ. Засгийн газраас УИХ-д танилцуулж ажил хэрэг болгоод явах ёстой. Монгол хүний амь нас, эрүүл мэнд болон Улсын онцгой байдлын түвшинд яригдах тул вакциныг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой хэмээн үзэж байгаа. Ингэснээр вакцинжуулалт хийгдэх байх аа.

Нийслэлийн хувьд вакцинжуулах асуудал дээр бүрэн бэлтгэлээ хангачихсан. Зохион байгуулалтад орчихсон үүрэг даалгавар хүлээж байна. Ямар үүрэг даалгавар өгнө тэр дагуу зохион байгуулах ажлын арга барилтай боллоо. Гол нь нийгэм, эдийн засгийн байдлыг энгийн байдалд нь шилжүүлж, бизнесийн үйл аижллагаа, иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх ёстой гэсэнх хатуу байр суурьтай байгаа.

Эдийн засаг дээр суурилсан цаашдын нийгмийн дэмжлэг бодлого явагдана. Нийслэлийн нийт эдийн засаг  21 их наяд. Нэг хүнд оногдох БНБ 16.5 сая төгрөг. Энэ эдийн засгийг хэвийн гольдролд нь оруулахад зохион байгуулалт маш чухал.

Хэдийгээр вакцинжуулалт эхэлсэн ч коронавирустай дасан зохицох шаардлага үүснэ. Иймээс үүнтэй зохицсон эрсдлийн менежмент шаардлагатай. Энэ дагуу ажлын хэсэг дээр түр журмаа боловсруулсан. Энэ хүрээнд 57 чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг зохицуулсан журам гарна. Бүхий л салбарыг хамруулж байж бизнесийн байгууллагыг үе шаттайгаар хуучин байсан горимд нь оруулна.

Өнөөдрийн байдлаар "Нэг хаалга-нэг шинжилгээ"-нд хамрагдахтай холбоотой дуудлага мэдээлэл зонхилж байна. Дийлэнх дуудлага нь энэ шинжилгээнд хамрагдах хүсэлт ирүүлсэн. Үүнд иргэдийг буруутгах аргагүй. Шинжилгээнд хамрагдаж ажил, амьдралаа үргэлжлүүлэх гэсэн иргэний хариуцлага, ухамсарын асуудал. Гэвч нөгөө талаар лабораторийн хүчин чадал, сорьцтой холбоотой хүндрэл байна" гэлээ.





 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү