Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ


2021-02-25 16:54:06

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэв.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.17-ны өдрийн 1977 дугаартай шийтгэх тогтоолтой, Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Загдаа, Г.Амарсайхан, тэдгээрийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, М.Билгүтэй, С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Г.Загдааг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 2 хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн” гэмт хэргийг үйлдсэн,

Мөн “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн,

“Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн,

“Бүлэглэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдсан гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч Г.Амарсайханыг “Бүлэглэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдсан гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Г.Загдааг 6 жил, 60 хоногийн хугацаагаар хорих, Шүүгдэгч Г.Амарсайханыг нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан юм. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай магадлалаар: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1977 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү