С.Амарсайхан: Зарим аймагт 14 хүртэл хоног тусгаарлаж байна гэдэг асуудал гарсан


2021-03-03 17:02:44

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан коронавирусийн шинжилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд гаргадаг болно. Одоогоор дунджаар шинжилгээний хариу 24 цагийн дотор бүрэн гарч байгаа. Цаашид шинжилгээг богино хугацаанд гаргах шинэ шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Ирэх долоо хоногоос эхний ээлжинд шинэ арга, тестээр коронавирусийн шинжилгээг шүлснээс болон бусад хэлбэрээр авах түргэвчилсэн шийдлүүдийг нэвтрүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Энэ зүйлүүдийг нэвтрүүлж чадвал цаг хугацаа, зардал хэмнэнэ.

Зардал гарч байгаа. Иргэдэд аль болох шинжилгээний ажлыг ачаалалгүй байлгах тал дээр холбогдох байгууллагуудад чиглэлийг өгсөн.

72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээ өгсөн бол орон нутагт очоод заавал тусгаарлагдах шаардлагагүй. Харин тухайн орон нутагт байнга оршин суудаг иргэн Улаанбаатар хотоос очиж байгаа бол долоо хоног ажиглалтад байна. Гэхдээ буцаж гарах бол шинжилгээний хүчинтэй хугацаандаа багтаж орж, гарах нь чөлөөтэй. Ямар нэгэн байдлаар олон хоног тусгаарлагдах шаардлага байхгүй. Зарим аймагт 14 хүртэл хоног тусгаарлаж байна гэдэг асуудал ч гарсан. Тийм асуудал огт байхгүй гэдгийг хэлье.

Дотооддоо халдварын тоо нэмэгдэхгүй, дархлаажуулалт хэвийн үргэлжилж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж чадвал хилээ нээхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг баруун, зүүн бүсийн хилийн боомтуудад ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийсэн. Хил нээх нь дан ганц манай улсаас хамаарахгүй, бэлтгэлээ хангаж, тооцоо судалгаа гаргахаар ажиллаж байна. Хилийн орчимд халдвар хамгааллын нөхцөлийг сайжруулж эхэлсэн” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү