Сүхбаатарчууд 80 жилийн ойгоо угтаж Алунгоо эхийн хөшөөг “цаазалжээ”


2022-05-09 18:52:10

Сүхбаатар аймгийн удирдлагууд 80 жилийн ойгоо угтаж Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ойг тохиолдуулан Баруун-Урт хотын төв Дөрвөлж толгой дээрх цэцэрлэгт хүрээлэнд барьсан Алунгоо эхийн чулуун  хөшөөг буулгаж, суурийг нь трактороор индүүдэж хаяжээ. Эх хүний хөшөөнд ингэж хандсан газар орон  Сүхбаатар аймгаас өөр  байхгүй.  Хөшөө, дурсгал  “цаазалдаг” харгис бодлого орчин үед хэрэгжиж байна гэхээр харамсалтай.

Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн загварыг 2006 онд зураач Ё.Бадарч гаргаж хөшөөг нутгийн уран бүтээлч Ц.Энхтайван бүтээсэн байна. Хөшөөнд О.Дашбалбар, Д.Нямсүрэн нарын шүлгээс сийлсэн байдаг бөгөөд э эв эеийг билэгдсэн, эх хүний дүрийг мөнхөлсөн түүхэн  бүтээл юм. Гэвч хөшөөг буулгаж  хаячихаад оронд нь хэдэн зуун саяар тогтохгүй үнэтэй шавар бурханы баримал барих гэж байгаад нутгийнхан дургүй байгаа аж.

Энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатаас тодруулахад “Хөшөөг нүүлгэн шилжүүлсэн. Гэхдээ хааш нь нүүлгэн шилжүүлснийг мэдэхгүй. Өөр цэцэрлэгт хүрээлэн рүү шилжүүлсэн байх. Шинэ хөшөөний тухай болон хөрөнгө оруулалтын талаар надад мэдээлэл алга. Энэ талаар Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл мэдэж байгаа” хэмээх тайлбарыг өгсөн юм. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргаар нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр ажилладаг юм байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинэ бурхны барималын хөрөнгө оруулалтад 1 сумаас 100 сая төгрөгийн хандив  нэхэж эхэлжээ. Тус аймаг 13 сумтай, нэг сумаас 100 сая гэхээр нэг бурхан бүтээхэд нүсэр зардал гарах нь ойлгомжтой.

Гадаад, дотоод орчин нөхцөлөөс улбаатай эдийн засгийн хямрал Монгол Улсад нүүрлэж, хэмнэлтийн горимд шилжиж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар удаа дараа мэдэгдэж буй. Улмаар төсвийн байгууллагууд хэмнэлтэд манлайлан оролцох учиртай хэмээн Гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолсон нь бий.

Харамсалтай нь Төрийн өндөрлөгүүдийн үг Сүхбаатар аймгийн удирдлагуудад падлийгүй бололтой. Ямартай ч шийдвэр дээрээ гарсан ч дунд шатандаа хэрэгжихгүй нь тодорхой бололтой.

Уг нь Монгол Улсын түүхэнд хөшөөг нүүлгэж байснаас биш нурааж байсан түүх үгүй. Тэгвэл Алунгоо эхийн хөшөөг нүүлгэн шилжүүлсэн үү, нураасан уу гэдэг тодорхойгүй. Хаана байгаа нь мэдээлэл бүрхэг байна.  Дэлхийн бүү хэл Монголын түүхэнд хөшөөг нураасан түүх  үгүй. Лениний хөшөөг зөөвөрлөж, өдгөө зам ангийн хашаанд буй. Мөн Нацагдоржийн хөшөөг зөөвөрлөсөн бол Д.Сүхбаатарын хуучин хөшөөг ч мөн нүүлгэж Дундговь аймгийн хийдийн  үүдэнд байрлуулсан байх жишээтэй.  Тийн атал Сүхбаатарчууд байснаа арчилж тордохын оронд нурааж, устгачихаад оронд нь хэдэн зуун сая төгрөгөөр шавар бурхан барихаар зэхэж байна.

Сүхбаатар аймагт 1.5-2 тэрбум төгрөгийг бурхны хөшөөнд зарцуулахаас илүүтэй эмнэлэг, сургууль, сэргээх засах төв хүртэл эрэлт хэрэгцээтэй. Ундны усны асуудал аймгийн хэмжээнд байнга яригддаг ч өнөө хүртэл ус цэвэршүүлэгч төхөөрөмжтэй  болоогүй, иргэдийнх нь дунд элэгний хорт хавдар, хоол боловсруулах замын эмгэг өвчин их байдаг аж.

Оронд нь сүндэрлэх шинэ хөшөө

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү