Х.Нямбаатар: Маханд хятад шошготой, хугацаа нь дууссан бодис хольдог нь тогтоогдсон


2022-05-17 13:55:40

НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш  "НМХГ-аас найман дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудын борлуулж буй архи, согтууруулах ундаанд тандалт судалгаа хийсэн. Дотоодын аж ахуйн нэгжийн 12 төрлийн архийг шинжилсэн байна.

Тэдгээрийн 3 нь орон нутгийн үйлдвэр бол 9 нь нийслэлд бүртгэлтэй байсан. Нийт 68 дээжийн 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөгдөж буй стандартад нийцээгүй. Гурван компанийн архины хатуулга шошго дээрхээс зөрүүтэй байсан. Харин хоёр дээжид стандартын хэмжээ их байсан. Тиймээс торгох шийтгэл оногдуулсан. Мөн хяналт шалгалтын явцад импортын шошгын мэдээллийг мөрдөөгүй байх зөрчил илэрсэн. Дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид холбогдох газруудтай хамтраад, удирдлагуудад нь сургалт оруулсан" гэв.

Энэ үеэр Эмээлтэд байрлах мах боловсруулах үйлдвэрийн талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар "Манай байгууллагад “Эм ди си пи” ХХК-д холбогдох гомдол шуурхай дуудлагын утсаар ирсэн. Хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй, агуулахын бүртгэлгүй болох нь тогтоогдсон.

Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан. Бид бодисноос болон ямааны махнаас дээш авсан. Мөн тэнд хэрэглэж байсан ундны ус болон бодисыг хэрэглэж байсан уснаас дээж авсан хамрагдуулсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Одоогоор байцаагч дээр хариу ирээгүй байна. Хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа.

Махыг Хятад руу гаргах гэж байсан  эсэхийг асуусан. Гэтэл дотооддоо борлуулж, түгээнэ гэж хэлээгүй. Ямартай ч хаяг шошгогүй бодис хэрэглэж байсан дээр нь Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээнэ. Өмнө нь Эмээлт орчим дахь махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар ариун цэвэр хангахгүй зэрэг олон зөрчил илэрч байсан" гэлээ.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү