Надад асуулт байна...


2022-06-06 09:36:16

Монголчууд хаачсан юм бэ, монгол хүн хаана байгаа юм бэ, монгол компани улсаас татаас авдаг энэ ажлыг чинь хийж, нөөцийн махаа бэлдэж болохгүй юу, Монголын тал нутаг, монгол мал яг хэнийх юм бэ? Хэдэн зуундаа арчилж маллаж, хүнсэндээ хэрэглэсээр ирсэн мал махаа бэлтгэхэд бас өндөр технологи, өчнөөн үнэтэй техник, тусгай мэргэжлийн ажилтан, тусгай заалттай гэрээ хэрэгтэй юү?

Яах аргагүй улсын минь алтан соёмбо, Засгийн газар, хотын захирагчийн ажлын алба, яамныхаа нэртэй бичээстэй атал мах бэлдэх эрх нь өрөөлийн компанийн нэр дээр, өөрийн нутгийнхан минь хаачив аа?

Бусдын газрын мөнгөтэй ноёдын өвөрт Булагнаж хэвтдэг төртэй болоо юу

Өрөөлийн газрын өнгөтэй ноёдын хормойд

Өрөлхөж суудаг төртэй болоо юу?

Хүний газрын хөлстэй ноёдын гарт

Хөлсөж ундаасдаг төртэй болоо юу?

Харийн газрын шуналтай ноёдын хөлд

Халамцаж унадаг төртэй болоо юу?

Арван лангийн мөнгөөр

Ардаа зарсан засаг уу даа

Хорин лангийн мөнгөөр

Хойчоо арилжсан түшмэд үү дээ

Зуун лангийн мөнгөөр

Зуудаг нохой болоо юу

Зуур цагийн жаргалаар

Зон олноо солио юу даа?

Амтлаад хэхэрдэг авилгыг чинь

Ардын хүүхдүүд өгч чадсангүй юу

Атгаад хөлждөг хахуулийг чинь

Ар Монголын хөвгүүд өгч дийлсэнгүй юү

Монголын төр хаана гээгдсэн юм бэ

Монгол хүн хаана хоргодоод байна вэ?

Эх орон минь бусдынх болсон юм уу

Эх нутаг минь бусдаар овоглох юм уу

Энэ газрын хойморт монгол хүн

Элэг амрааж жаргах учиргүй юм уу?

Р.ЭМҮЖИН.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү