Гар утасны бизнес эрхлэгчид иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан байж болзошгүйг анхаарууллаа


2022-10-05 16:33:57

Карго компаниар дамжин агаарын ачаанд ирсэн iPhone 14 загварын утаснуудыг нэвтрүүлэхгүй байгаа гэх мэдээлэлтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "Сүүлийн жилүүдэд иргэд цахим худалдаагаар бараа бүтээгдэхүүн захиалах, худалдан авах нь нэмэгдэж, улс хоорондын шуудан илгээмжээр үйлчлүүлэх иргэдийн тоо ч тасралтгүй өссөөр байна.

Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хувь хүний (Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсны дагуу байнга болон түр оршин суугаа гадаадын иргэд) нэр дээр илгээсэн илгээмж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй бараа, мөн ижил төрлийн хоёроос илүүгүй бараа, эд зүйлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж улсын хилээр нэвтрүүлж байна.

Гэтэл сүүлийн үед гар утасны бизнес эрхлэгч зарим иргэд өндөр технологийн, үнэ шингэсэн барааг хилээр оруулж ирэхдээ хуулийн дээд дурдсан заалтад нийцсэн мэт харагдуулах зорилгоор бусдын бичиг баримтыг ашиглан татвараас зайлсхийх, зарим тохиолдолд иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан байж болзошгүй байгааг иргэдэд анхааруулж байна. 

Иймд гадаад улс орноос өөрийн нэр дээр бараа, илгээмж захиалж авсан иргэдийг бичиг баримттайгаа ирж бараа, илгээмжээ гаалийн хяналт, шалгалтад хамруулж хүлээн авах, биечлэн ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлэх шаардлагыг тавьж байгаа бөгөөд таны бичиг баримт зөрчилгүй бол гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу таны бараа, илгээмжийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулан саадгүй олгож байгаагаа мэдэгдэж байна.

Мөн дээрх бараа нь Монгол Улсын хилээр оруулахыг хориглож хязгаарласан бараа биш тул хуульд заасан татвар хураамжаа төлсөн хэн ч хүссэн тоо хэмжээгээрээ импортлох боломжтой.

Иргэдийг ганц ширхэг гар утас худалдаж авахад нь гаалийн байгууллага саад учруулж байгаа мэтээр мэдээлэл тарааж байгаа этгээдүүд нь өөрсдөө гадаад улсаас гар утас нийлүүлэх бизнес эрхэлдэг, иргэдийн гараас гарт барааг хүргэнэ гэсэн баттай бус сурталчилгаа хийж цахимаар захиалга авч, барааг нийлүүлэхдээ гаргасан зөрчил гэмт үйлдлээ нуун дарагдуулах, татвараас зайлсхийх зорилгоор зориуд үндэслэлгүй мэдээлэл тарааж байх болзошгүй тул иргэд интернэтээр бараа бүтээгдэхүүн захиалахдаа мэдээллийг нягтлан шалгаж аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг анхааруулж байна" гэжээ.

Мөн Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар болон Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар IPhone маркийн ухаалаг гар утас, тэдгээрийн дагалдах хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдлуудын зургийг хавсаргасан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү