Дархан-Уул аймагт АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж, нэг хүн нас баржээ


2022-12-01 15:26:49

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-ийн АИ-92 шатахууны нөөцийн сав галд автжээ. Галын дуудлага өнөө өглөөний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.

Галд автсан шатахууны нөөцийн сав нь 2000 тоннын багтаамжтай. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Орон нутгийн телевиз болох DBS TV-гийн цахим хуудсанд "2022.12.01-ний өдрийн өглөө 2,000 тонныг багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатсан. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэднийг байх үед гал гарсан байна.

Нэг иргэнийг галаас гаргаад, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Нөгөө хоёр иргэн олдохгүй байна. Амьд үлдсэн байх найдвар маш бага гэж мэдээллээ. Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Галын унтраахын тулд 3,000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс нэг, хоёр аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан наашаа хөдөлсөн байна.

Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж байна. Шалтгаан одоогоор тодорхойгүй, мэргэжлийн байгууллагаас тодорхой болсны дараа мэдээлэх болно" гэжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү