МАН-ын гишүүдийн хөшигний цаадах шивнээ


2018-11-29 13:29:58 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах нь зүйтэй хэмээн үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч хурал хойшлоод  байна. Учир нь УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүд болон иргэдээс ирсэн гомдлыг хэлэлцэх шаардлагатай болсон тул чуулганы хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргав.

ЖДҮХС-гийн зээл авсан сайд нарын асуудлыг УИХ-ын Ёсзүйн дэд хороогоор хэлэлцсэний дараа чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхээр болсон нь энэ. Гэхдээ УИХ-ын дарга хууль зөрчин Ёс зүйн хороог хуралдуулахаар боллоо гэх шүүмжлэлийг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжигчдийн зүгээс хэлж байгаа юм. Тухайлбал, гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монголын парламентын 27 жилийн түүхэнд болж байгаагүй үйл явдал боллоо. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж өөрөө хурлаа хаяад гарлаа. УИХ-ын дарга гэдэг хурлыг хуулийн хүрээнд даргалагч үүрэгтэй хүн. УИХ гэдэг бол М.Энхболд гэдэг хүн биш” гэсэн юм.

Харин гишүүн О.Баасанхүү УИХ-ын дарга санал гаргаад, тэр саналаар хурлаа түр хойшлууллаа гэж би харж байна. Ёсзүйн дэд хороог хуралдуулах хэрэгтэй. Тэгээд чуулганы хурлаа цааш үргэлжлүүлэх ёстой” хэмээсэн.

Гэвч Ёс зүйн дэд хорооны ирц бүрдэхгүй байгаа нь асуудлыг гацаанд оруулаад байна. Ингэснээр М.Энхболдын талынхан хугацаа хожиж байна гэх шүүмжлэл ч гарах болсон. Энэ талаар Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт “Ёс зүйн дэд хорооны дүрмийн дагуу хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа хэргийг Ёс зүйн дэд хороо давхар шалгахгүй гэж заасан байдаг. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорт хандаад, холбогдох бичгийг авсан. Энэ бичгээ хэлэлцэх шаардлага байна. Мөн төрийн бус байгууллагаас ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай холбогдсон нэр бүхий гишүүд, сайд нарыг чуулган, байнгын хороодод оролцохгүй байх ёстой, санал хураалтад оролцохгүй гэж үзэж байгаа. Ёс зүйн дэд хорооноос Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчсөн тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй. Хэрхэн яаж шийдвэрлэхээ одоо ярилцана. Зөрчил үүссэн гэж үзвэл тухайн гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх эрхтэй. УИХ-ын дэгийн тухай хуульд мөн энэ талаар заасан байгаа” гэсэн юм.

Юутай ч маргааш гэхэд асуудал нэг талдаа цэгцрэх учиртай. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах эсэх асуудал хуулийн хугацаагаараа маргааш гэхэд эцэслэгдэх юм.

Өдгөө У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй гэсэн 35 гишүүн байгаа хэмээн мэдэгдээд байгаа. Харин огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн бий. МАН парламентад 64 суудалтай. Аль ч талд гарын үсэг зураагүй хоёр гишүүн бий. Гишүүн Д.Лүндээжанцан, Б.Батзориг нар. Д.Лүндээжанцагийн хувьд Засгийн газар тогтвортой байх ёстой гэсэн байр суурь баримтлахаа мэдэгдсэн. Харин Б.Батзоригийн хувьд асуудал ээдрээтэй. Хэрэв санал хураалт нууц байдлаар явагдвал нөгөө талд кноп дарах магадлал өндөр гэдгийг нөхөд нь хэлж байгаа юм. Учир нь мань хүний тухайд намын даргын үүрэг даалгавар биелүүлсэнийхээ төлөө ганцаараа хэргийг “үүрсэн”, халдашгүй дархан эрх нь хуулрах төдийд хэцүү нэртийнх рүү явах магадлал өндөр байгаад тунирхаж, гомдоллосон гэх мэдээлэл  бий.

Тиймдээ ч У.Хүрэлсүх баталгаатай хоёр кнопны төлөө С.Жавхлангийн өрөөгөөр орж, гарч, ятгаж, сэнхрүүлэх болсон. АН-аас бүлгийн гишүүддээ Засгийн газрын эсрэг зогсохыг мэдэгдсэн. Гэвч намын бодлогынхоо эсрэг зогсохоо урьтал болгодог Ж.Батзандан сөрөг талд зогсож байгаа. Мөн түүний хажууд Л.Болд бий. Гэсэн ч санал хураалт нууц байдлаар явагдвал Засгийн газар огцрох магадлал өндөр аж. Харин ил цагаан явагдвал батлах, тойрог хоёроо санагалзаж, У.Хүрэлсүхийн ширүүн харцнаас дальдчиж чадахгүй хэмээн эрх баригч намын гишүүд шивнэлдэж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү