МАН зургаан гишүүнээ намаас хөөсөн ч, удалгүй шийдвэрээ цуцлав


2018-11-30 11:56:05

МАН-ын Хяналтын зөвлөл өчигдөр хуралдаж Ж.Мөнхбат, Д.Оюунхорол,  М.Энхболд, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа нарын зургаан гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргажээ.

11 гишүүнтэй хуралдсан Хяналтын зөвлөлийн хуралдаанаар гишүүдийг хомроголон хөөхийг эсэргүүцсэн ганц л гишүүн байсан гэнэ. Хачирхалтай нь, дээрх шийдвэр гарснаас цагийн дараа МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийж, дээрх мэдээллээ няцаалаа.  

Тэрбээр "Өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны ээлжит бус хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн. Уг хурлаар Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн асуудлаар хоорондоо харилцан мэдээллээ солилцсоны зэрэгцээ, өмнөх хурлын тогтоол болох 13 болон 16 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаарх шаардлагыг намын удирдлагуудад өгсөн. Харин хэн нэгэн гишүүнийг намаас хөөсөн зүйл болоогүй тийм тогтоол шийдвэр гараагүй" гэсэн юм.

Дээрх мэдээллийн дараахан УИХ-ын гишүүн Ж.Мөнбат “Өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж 6 гишүүнийг намаас хөөх асуудлыг хэлэлцэн санал хураасан байна. Арван гишүүн хөөхийг дэмжиж, нэг гишүүн дүрэм зөрчсөн дүрмийн бус шийдвэр гэж эсэргүүцжээ. Хурлын дараа асуудал намын даргад ашиггүй сөргөөр тусч мэдэхээр болмогц "хэнийг ч хөөгөөгүй гэж" шийдвэрийнхээ эсрэг мэдэгдлийг Хяналтын ерөнхий хорооны дарга хийсэн байна. Хууль зөрчсөн хулгайч сайд нараа хамгаалж байгаа Засгийн газар огцор гэсний төлөө, засагтайгаа хариуцлага тооцож чадахгүй УИХ тар гэсний төлөө ийм инээдэмтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр хошин үйл явдал боллоо. МАН нэг даргын хувийн компани болсон юмуу, эсвэл МАН фашист, нацист нам болоо юу.  Ийм л байгаа болохоор шүүмжилж, тэмцээд байгаа юм. Намаас дүрэм бусаар хөөхөөс айж чимээгүй сууна гэж бодож байвал том эндүүрч дээ. Ам барьж болно, амь барьчихгүй байлгүй” гэжээ.

Тэгвэл Хяналтын зөвлөлийн хорооны хурлаар нэр бүхий зургаан гишүүнийг хөөх шийдвэр гаргасан нь үнэн болохыг тус хорооны гишүүн Х.Болдмандал бататгав. Тэрбээр намын гишүүдийг олноор нь хөөх нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл хэмээн ганцаараа эсрэг санал өгсөн нэгэн аж. Тэрбээр “МАН нэн шинэ үеийнхээ түүхэнд УИХ-ын гишүүдийг хоморголон намаас хөөх асуудлыг хөндөж тавьж байгаагүй. Байж болох уу гэвэл болно. Намын дүрмийг ноцтой зөрчсөн, намын хамт олны эрх ашгийг хөсөрдүүлсэн бол намаас гарсанд тооцох тухай асуудлыг Хяналтын ерөнхий хороо ярьж болно. Гэхдээ манай намын дүрмэнд Хяналтын ерөнхий хороо асуудлыг санаачилж, шууд намаас гаргах заалт байхгүй. Тухайн гишүүнийг бүртгэсэн намын байгууллагын эрх мэдлийн асуудал. Эв эеийг сахиулах үндсэн үүрэгтэй Хяналтын ерөнхий хороо маань улс төрийн бужигнаантай, нам дотроо үл ойлголцож, хоёр хуваагдсан  үед гал дээр тос нэмсэн мэт нэг талын гэх гишүүдийг шүүрч авч, хоморгон намаас хөөх тухай ярьж байгаа нь мэдрэмжгүй, хариуцлагагүй үйлдэл. Үүнийг би эсэргүүцсэн.

Хамгийн инээдтэй нь хяналтын хорооны дарга нэлээн сандрангуй байдалтай, ийм асуудал болоогүй гэж Төрийн ордноос мэдэгдэл хийж байна билээ. Нэгэнт хийсэн үйлдэл, хэлсэн үгээ хоёр, гурван цагийн дараа буцааж залгиж байгаа нь улстөрчийн хувьд зохисгүй харагдаж байна” гэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү