Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах шаардлагагүй гэж үзлээ


2018-11-30 21:40:22

 Чуулганы хуралдаанаар нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг  хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, олон жил хүлээгдэж байгаа нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, мөн эрчим хүч, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, хүнс гээд манай Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлууд бий. Эхлэл нь тавигдсан ажлууд ч бас байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар бололцооны хэрээр ажиллаж байна.  

Би Ерөнхий сайд болсноос хойш нийгэмд шударга ёс тогтоох, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг төрийн албаны бүх шатанд хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангаж тогтвортой хадгалах гэсэн гурван зүйлийг гол болгон ажиллаж байгаа. Энэ зарчмаа Ерөнхий сайдаар томилогдох үедээ хэлж байсан, цаашид ч энэ зарчмаа тууштай барьж ажиллана.

Мөн цаашид МАНАН-гийн дэглэмийн эсрэг хатуу байр суурь барьж ажиллах болно. Энэ хүрээнд зарим албан тушаалтанд ёс зүйн болон улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудал ч бий. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагууд бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулахад ихээхэн анхаарах шаардлагатай нь тод харагдаж байна. Хуулийн байгууллагууд улстөрждөг, улс төрийн зэвсэг болж хувирсан байна. Уг нь хууль хяналт, шүүх, прокурорын байгууллага хамгийн шударга ажилладаг байх ёстой. Үүний төлөө хамтарч тэмцэх, мөн томоохон хэргүүдийн ард хамтдаа гарах хэрэгтэй байна. Одоо бид эх орноо бодох цаг болсон. Тиймээс нийгмийн шударга ёсны төлөө хамтдаа тэмцэхийг эрхэм гишүүд та бүхэнд уриалж байна.

Засгийн газар огцорсон ч, эс огцорсон ч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө би тэмцэх болно, энэ байр суурин дээрээ хатуу зогсох болно гэлээ.

Эцэст нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 33 нь буюу  45.2 хувь нь дэмжиж, 40 нь буюу 54.8 хувь нь татгалзсан. Ингэснээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах шаардлагагүй гэж үзлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү