Ц.Цогзолмаа: Ажлаа өгөхөд татгалзах зүйл алга


2018-12-03 15:08:26

Кабинетийнхныхаа эсрэг гарын үсэг зурсан хэмээн цоллогдоод байсан Ц.Цогзолмаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр боллоо. Уг нь У.Хүрэлсүхийг эв эеийг хичээж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай учраа олж ажиллана хэмээн олон нийт хүлээж байв. ЖДҮ-тэй холбогдсон сайд нараа хамгаалж, хариуцлагатай тэмцэх биш тэврэлдэж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан Ц.Цогзолмаагийн эр зоригийг үнэлэх учиртай гэх тайлбар ч зарим хүний амнаас цухалздаг.

Гэвч БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газар кабинетын зарчмаар ажиллана гэснийг, мөн Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл, аливаа асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтлана гэснийг зөрчсөн. Тиймээс БСШУС-ын сайд Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлж байгаа талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа албан тушаалтайгаа зууралдахгүй гэдгээ онцлож, “Хэн нэгэн хүнтэй холбож, хэн нэгэн хүний дохио зангаагаар асуудалд хандсан гэхээсээ илүүтэй улстөрчийнхөө хувьд хувь хүнийхээ тэр тусмаа ёс зүй дээр суурилсан шийдвэр гаргасан. Үүнээсээ ямар нэгэн байдлаар буцах шаардлага надад байхгүй. Тийм ч учраас би кноп хамгийн сүүлд шийдэгдэхэд өөрийнхөө  гарын үсгээ баталгаажуулж кнопоо дарсан. Энэ бол миний улстөрчийн шийдвэр. Ерөнхий сайдыг шийдвэрээ гаргаад, ажлаа авахад ёсзүйн  хувьд ямар ч асуудалгүй  байхгүй гэдгээ сая орж уулзаад хэллээ” хэмээсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү