С.Эрдэнэ: Төсвөөс төрсөн тэрбумтнууд “Орлогын эх үүсвэр”-ээ хамгаалахаар улайрч эхэллээ


2018-12-04 12:28:52

 

1990 онд “Малыг малчдад нь хувьчилна” гэсэн чинь коммунистууд “Монголын малыг барах нь, маргааш гэхэд малаа нядлаад дуусна” гээд сүйд болж билээ.  Мал түүхэндээ байгаагүйгээрээ их өсөв.

“Иргэн бүртээ гадаад паспорт олгоё” гэсэн Ардчилсан намын санаачилгыг “Хоёр сая Монгол гадаадад гарч дүрвээд хүнгүй болгох нь” хэмээн сүржигнэв.

Монгол хүн дэлхийд үнэлэгдэж урлаг, спорт, биотехнологи, бизнес, улс төрийн тавцанд амжилт гаргасаар... Мартсанаас монголчууд цөөхөн болсонгүй, гурван саяулаа болов.

“Орон сууцыг иргэдэд нь өмчлүүлье” гэтэл “Орос ах нарын барьж өгсөн хэдэн байшин нурааж хаях нь, Эрдэнэт, Дарханыг буулгах нь” гээд нухацтай царай гаргаж, хөмсөг зангидан дайрав.
МАН-ын 90 жилд барьснаас хоёр дахин их буюу 80 мянган айлын орон сууцыг Ардчилсан нам засаг барьсан дөрөвхөн жилдээ барихад тэд өмнөхөөсөө бүр ч их хөмсөг зангидан чичлэх болов.

“Иргэн бүрт газрыг нь өмчлүүлье” гэхнээ “Монголын газрыг гадаадуудад зарах нь” гээд сүйд болов. Иргэд 0.7 га газраа эзэмшив.
Хэн нь иргэддээ газрыг нь өмчлүүлж, хэн нь газраа худалдсаныг Монголын ард түмэн мэднэ.

“Хүүхдийн мөнгө” олгох санаачилга гарахад “Бүтэшгүй санаа, биелэхгүй мөрөөдөл” гэж хэчнээн чичлэв. 
Сүүлдээ өөрсдөө “Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгоё” гэж уйлагнан гүйдэг болов. 
Гэвч эрх бариад түүнийгээ ор тас мартав. Хоолны мөнгөө хасуулсан хүүхдүүдийн оронд хэдхэн дэд сайд задартлаа таргалж, хэтэртлээ тансаглах болов.

“Иргэн бүрээ өрнөөс салгая” гэтэл өмнөөс нь ам уралдан шаагилдав. Өртэй нь тэд биш, ард түмэн шүү дээ. Өртэй байлгах, өрөөр нь дарамталж байх хүсэлд нь Ардчилсан нам саад болжээ. Иргэдээ өмчтэй байлгахыг эсэргүүцдэг байсан коммунистууд өдгөө өртэй байлгахын төлөө тэмцдэг болжээ.

Төсвөөс төрсөн тэрбумтнууд төсвийн мөнгөөр иргэдийн өрийг төлөх нь гэж эндүүрээд “Орлогын эх үүсвэр”-ээ хамгаалахаар улайрч эхэллээ. Газрын доорхи баялаг бол хувийн өмч биш ээ. Энэ бол ард түмний өмч. Энэ өмчөө л эзэн ёсоор өмчилье гэсэн санаа. Өнгөрсөн түүхээ багахан сөхөхөд л Ардчилсан нам сайн бүхнийг санаачилж, хэрэгжүүлдэг түүнийг нь коммунист МАН үргэлж эсэргүүцдэг ч эцэстээ үнэнд гүйцэгддэгийг бид харлаа. Энэ удаа ч үнэнд гүйцэгдэнэ. Монгол ялна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү