Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан Н.Номтойбаярын хувийн компани уу


2018-12-04 12:36:51

Манай хууль тогтоох дээд байгууллагад тэр дундаа эрх баригч намын дотор нэгнийхээ хулгайг тодруулах аян эрчимтэйгээр өрнөж байна. Хамгийн сонирхолтой нь “хулгай ч л хулгайчийг бариарай” гэж хамгийн чанга хашгирдаг гэгчийн үлгэрээр төрөөс хамгийн ихийг идэж уусан гэгддэг зарим нөхөр бусдынхаа хулгайг тодруулах ажилд манлайлан оролцож буй юм.

Тухайлбал, эдгээр манлайлагчдын магнайд нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр явна. Ямартай л олон нийт түүнийг төсвөөс ганц нэгээр биш бүр хэдэн тэрбумаар нь идэж сурсан нөхөр хэмээн цоллодог бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл чуулганы танхимд “Чи 30 гэр бүлийн нэгд орно шүү” хэмээн түүнтэй толхилцоод явсан. Үнэндээ түүний эзэмшлийн МАК компанийн Цагаан суваргын орд руу 220 квт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц барихад 79 тэрбум төгрөг төсөвлөж, ирэх жилийн төсвөөс 7.0 тэрбумыг нь гаргана. Анх улсын төсөв өргөн баригдахад энэ санал орж ирээгүй ч хэлэлцүүлгийн явцад Яармагт 300 ортой төрөх эмнэлэг барих төсвөөс 2.0 тэрбум, Чойр дэд станцын өргөтгөл барих төсвөөс 5.0 тэрбумыг хасч байж Н.Номтойбаярын МАК-д 7.0 тэрбумыг өгөх саналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг оруулж л байсан. Өмнөх парламентын үед Цагаан суваргын зэс, алтны ордыг Монгол Улсын стратегийн ордоос гаргаж "МАК" компанид өгсөн. Одоогийн парламент харин түүний орд руу зөвхөн цахилгаан татахад 79 тэрбумыг өгөх гэж байгаа тухай төсвийн хэлэлцүүлгийн үеэр хэвлэлийнхэн хангалттай их бичсэн, ярьсан гээд бичээд байвал дуусахгүй.

Түүнчлэн түүний эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хувийн компанидаа давуу эрх олгон төрөөс хумсалж гаршаад буй бас нэг “бизнес” нь гаднаас оруулж ирж буй хятад ажилчдаа ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх. Тэр энэ ажлыг УИХ-д дөнгөж сонгогдсон жилээсээ л хийсэн. Ямартай л энэ тухай time.mn сайтад 2012 оны аравдугаар сарын 15-нд нийтэлсэн. Ингэхдээ “УИХ-ын шинэхэн гишүүн Н.Номтойбаярын Монголын алт компани буюу МАК ХХК энэ онд 1411 хятад ажилчин оруулж ирснийхээ төлөөс болох дөрвөн тэрбум 754 сая төгрөгийг улсад төлөхгүй бултахаар зүтгэж буй тухай мэдээлэл бидэнд ирлээ. Уг нь гаднаас ажилчин оруулж ирж буй ямар ч аж ахуйн нэгж хүн тус бүрээр тооцож cap болгон 280800 төгрөгийн татаасыг улсад төлөх учиртай. Гэтэл Н.Номтойбаярын МАК ХХК энэ жил 1411 хятад ажилчинг урд хөршөөс оруулж ирснийхээ төлөөс болох бүтэн жилийн дөрвөн тэрбум 754 сая төгрөгийг төлөхгүй байхаар шийдэж...” хэмээн бичиж байж.

Тэрбээр мөн 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Засгийн газраар тогтоол гаргуулан МАК-д ажиллах 1600 хятад ажилчныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлсэн. Энэ тогтоолыг гаргуулах үед Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг хашиж байсан бөгөөд хувийн компанийнхаа эрх ашигт нийцүүлсэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд өөрөө барьж ороод шийдүүлчихсэнээр МАК-ийг сар бүр 768 сая төгрөг жилд 9.2 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөхөөс чөлөөлсөн гэсэн үг.

Энэ сан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын харьяанд байдаг бөгөөд гадаадаас ирж буй ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөс бүрдэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр, жижиг зээлийг санхүүжүүлэхэд зарцуулагддаг. Гэтэл хариуцсан сайд нь хувийн компанийнхаа нэр дээр ирсэн хятад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлчихээр ХЭДС-д тухайн жилд төвлөрөх ёстой орлого тэр хэмжээгээр буурсан гэсэн үг.

Эх сурвалж: imongolia.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү