Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэмжигдлээ


2018-12-04 13:56:59

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэж, дэмжигдлээ. Ийнхүү хуулийн төслийн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах боллоо. 

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан юм. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч л уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөх хуулийн зохицуулалт үйлчилдэг. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласныг төлбөрийг төлөхгүй, холбогдох байгууллагуудад тайлан, мэдээ өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнээс улбаатайгаар газрын хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөд татвар ногдуулах, холбогдох хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа аж. Үндэсний статистикийн газраас авсан мэдээллээр 2012-2016 онд нийт 381 сая ам.долларын 1.6 сая тонн жонш экспортод гарсан байна. Тухайн жилүүдэд 34.6 тэрбум төгрөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх байснаас 11.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Түүнчлэн УИХ-ын 2017 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээд хууль бусаар алтыг хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банканд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гаргах хандлага ажиглагдах нөхцөл үүсэх эрсдэлтэй болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдлаа.

Монголбанкнаас авсан мэдээллээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт хэрэгжсэн 5 жилийн хугацаанд банканд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12.7 тонн, 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өсөн, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн нь хуулийн уг заалтыг дахин 5 жил үргэлжлүүлэн мөрдөх нь зүйтэйг илэрхийлж байна хэмээн үзсэн байна. Мөн аливаа этгээдийн тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган тооцох, түүнийг төсөвт төлөх, тайлагнах үүргийг Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд хүлээлгэх шаардлагатай гэж үзжээ. Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор төслийг боловсруулсан гэлээ.

Төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх заалтуудыг тусгажээ. Мөн аливаа этгээдийн тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган тооцох, түүнийг төсөвт төлөх, тайлагнах үүргийг Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд хүлээлгэх заалтыг нэмэх юм байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү