Н.Цэрэнбат сайдын суудлаасаа хэзээ татгалзах вэ


2018-12-04 14:53:53

Улаан махны хэрэгт хутгалдсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уучлал гуйсан бол ЖДҮ-чин гишүүдтэй ижил хэрэг нь цагаадах байсан юм даг уу. Өдгөө уучлал гуйх нь улс төрийн соёл төдийгүй хэргээс мултрах сайхан боломж болж хувираал байна.

Б.Батзориг ЖДҮ-гээс зээл авч, нөхөддөө тараасан хэрэгтээ уучлал гуйгаад сайдын сэнтийгээсээ буучихсан. Я.Содбаатар ч мөн уучлал гуйгаад, ёс зүйн хариуцлага хүлээж байгаа нь энэ хэмээн давхар дээлээ тайлав.

Тэгвэл ЖДҮ-гээс зээл авсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэзээ уучлал гуйж, ёс зүйн хариуцлага хүлээх вэ. Тэрбээр “Баян таван тэс” ХХК-иар 250 сая “Баруун загвар” ХХК-иар 160 сая төгрөг, “Хархираан хөгжил”, “Булган буудайн түрүү” ХХК-иараа 600 сая төгрөгийг ЖДҮХС-аас авсан. Эл асуудлаар өдгөө АТГ-т шалгагдаж байгаа.

Эрхэм сайд АТГ-д хэдийнэ хар тамга даруулчихсан нэгэн. Тодруулбал, Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч, улмаар засварын ажлыг БОАЖ-ын сайдын хамаарал бүхий мөн компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Хуулийн байгууллагынхны мэдээллийг үгүйсгэхээр сэтгүүлчдийг цуглуулсан мань эр зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр 26 компанид хувьцаа эзэмшдэгээ бататган зарласан тэрбээр барилгын салбар дахь хувийн бизнесийг нь авч явдаг бизнесийн хамтрагч н.Баттулга болон төрсөн дүү Намсрайн Отгонжаргал гэх нөхдөөр дээрх ажлуудаа хийлгэснийг бараг л хэлчих шахсан.

Мөн “Оюу цагаан барс” ХХК-ийн нэр дээр 30 тн хуш модны самрын чөмөгний тусгай зөвшөөрөл, 600 тн самрын ясны тусгай зөвшөөрлийг авахын тулд БОАЖЯ-ны удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллага руу шилжүүлсэн асуудал ч бий.

Я.Содбаатарын араас өргөдлөө өгөх дараагийн сайд нь Н.Цэрэнбат болов уу. Гагцхүү өөрөө өгөх үү, өрөөлөөр бичүүлэх үү гэдэг нь сонин. Энэ  байдлаараа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх прокурорын бичигтэйгээр давхар дээлээ тайлж, нимгэн дээлтэйгээр толгой бүтэн үлдэж мэдэх юм. Ядаж уучлал гуйх ухамсар, ёс зүйн хариуцлага хүлээх эр зориг түүнээс гарах байлгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү