Зээлээ төлж чадахгүй байгаа “Капитал”-ын “эзэн” Б.Ундармааг хэрхэх вэ, У.Хүрэлсүх дарга аа


2018-12-05 15:23:40

Зарим төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-аас зээл авсан нь илчлэгдэж эхнээсээ хэргээ хүлээж, зээлээ буцаан төлж эхэлсэн. Улс төрийн ухамсар гэх нэрийдлээр давхар дээлтнүүд нимгэлж, нэг албан тушаалаа өгсөн нь ч бий. Өдгөө ЖДҮ-гээс зээл авсан 14 гишүүн одоо ч байнгын ажиллагаатай парламентад сууж байгаа. Тэдний нэг нь УИХ-ын Б.Ундармаа. Ангийнхан нь гэмээ мэдэж, зэмээ ухааран уучлалт гуйсан бол эрхэм хатагтайгаас тийм ухамсар гарсангүй.

Уг нь ЖДҮ-ийн тухай хуулийн 8.1-д банк болон банк бус санхүүгийн байгууллагыг жижиг дунд үйлдвэрлэл гэж үзэхгүй гэсэн заалт бий. Гэтэл энэ заалтыг үл ойшоож эрхэм гишүүний хөрөнгө оруулалттай “Капитал” банк жилийн долоон хувийн хүүтэй 48 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг. Авсан зээлээ иргэдэд өндөр хүүгээр зээлсэн байж болзошгүй асуудал ч дагалддаг.

Гэтэл “Капитал” банк 48 тэрбумаа бүү хэл Хөдөлмөр эрхлэлтийн сангийн долоон тэрбум төгрөгөө гүйцэд төлж чадахгүй, цувуулаад төлье гэсэн бичгийг Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яаманд хүргүүлжээ.

Намын дарга У.Хүрэлсүхийн даалгавараар гишүүд зээлээ төлж эхэлсэн бол Б.Ундармаагийн  99.98 хувийг нь эзэмшдэг “Капитал” банк ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан 48 тэрбум болон Хөдөлмөр эрхлэлтийн сангийн долоон тэрбум төгрөгөө гүйцэд төлж чадахгүй нь гэж учирласан нь анхаарал татна. Уучлалт гуйх нь улс төрийн соёл бол зээлээ гүйцэд төлж чадахгүйгээ албан бичгээр илэрхийлсэн Б.Ундармаагийн үйлдлийг хэрхэн зөвтгөх вэ.

ЖДҮ-тэй хүзүү сээрээрээ холбогдсон сайд нар давхар дээлээ тайлж, нимгэлсэн бол Б.Ундармаа гишүүн нүцгэлэх үү.

Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-тэй холбогдсон сайд нартайгаа хариуцлага тооцож, давхар дээлийг нь тайчсан. Өдгөө Я.Содбаатар гадна дээлнийхээ товчийг тайлчихаад зогсож байна.

Хариуцлагын давалгаа үргэлжилж, Б.Ундармаа гишүүн дээр ирэх цагт тэр дархан эрхээсээ татгалзах уу, парламентын танхимд нүцгэлэх үү.

Түүний хамаарал бүхий “Капитал” банк хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг хааж авсан мөнгөө бүрэн төлж чадахгүй хэмээн хээв нэг албан бичиг шидэж байдаг. Тиймээс Б.Ундармаа гишүүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Тэрбээр ард түмнээсээ уучлалт ч гуйсангүй. УИХ-ын дархан эрхээр биеэ халхалсан энэ хүнийг хэрхэх вэ? Энэ хатагтай бүрэн эрхтэйгээ ингээд л дүүхэлзэж суух нь ардчилсан нийгмийн шударга үнэнд нийцэж байгаа хэрэг үү...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү