Шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгохыг тодорхойлно


2018-12-06 17:24:10

Хууль төрөхийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэдхэн хоногийн өмнө Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ.

Тэгэхээр манай улсын хувьд, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай бие даасан хуулийг 2004 онд батлан мөрдүүлж байсан. Харин 2013 онд шинэчлэн найруулж байв. Ийнхүү таван жилийн дараа тус хуульд өдгөө нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгааг холбогдох албаныхан тодруулж, салбарын яамнаас ажил хэрэг болгож буй юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт нэмэгдсээр байна.

Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хуулийн шаардлага тодорхой бус байгааг холбогдох албаныхан гаргажээ. Түүнчлэн дүгнэлт гаргах эрх бүхий мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг хийдэлтэй байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна гэж дүгнэсэн байна.

Үүнээс гадна иргэдийн өргөнөөр хэрэглэх болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг нарийвчлах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн ашиглалт, хяналттай холбоотой харилцааг зохицуулах дүрэм, журмыг батлах эрх шилжүүлсэн зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүсчээ.

 Иймд дээрх бэрхшээлийг арилгах болон тэсэрч, дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагад тулгуурлан уг хуулийн төслийг боловсруулжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү