Ц.Нямдорж: Та нарын хийгээд байгаа юм чинь энэ улсыг Украин болгох зам руу яваад байна шүү


2018-12-06 18:01:31

Байр суурь

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн билээ. 

2014 онд алтын рояалтыг таван жилийн хугацаатай 2.5 хувь болгосон билээ. Энэ хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болох гэж байна. Тиймээс энэ хугацааг дахин таван жилээр сунгах хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. 

Гэвч УИХ-ын гишүүдийн бараг тал хувь нь Их хурлын даргын огцрохыг шаардан хуралдаа суухгүй эсэргүүцлээ илэрхийлээд байгаа. Үүнтэй холбогдуулан чуулганы хуралдаанд оролцож буй зарим гишүүдийн зүгээс алтны рояалтын үйлчлэх хугацааг сунгах асуудлыг хойшлуулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжив. 

Ийнхүү нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн алтны 2.5 хувийн татварыг таван жилээр сунгах хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлууллаа. Ингэснээр өнөөдөр хэлэлцэгдэх байсан бусад бүх асуудал мөн хойшлогдож, МАН-ынхан дотоод асуудлаа цэгцэлнэ гэлээ.  Мөн Засгийн газарт хугацаатай үүрэг даалгавар өгч, шаардлага хүргүүлье гэсэн Л.Энх-Амгалан гишүүний горимын саналыг бас дэмжсэн юм.

Энэ асуудлыг хэлэлцэх үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ийнхүү байр суурь илэрхийлэв.

Тэрбээр “Ийм нөхцөл байдал үүсээд байна гэдгийг би нөхрийн ёсоор Их хурлын дарга танд зөндөө хэлсэн. Гишүүдийн 50 хувь нь эсэргүүцээд заалнаас гараад явчихсан байна. Асуудал энд чинь байна. Энийгээ бод л доо хэд дахин хэлүүлэх гэсэн юм. Засгийн газар Засгийн газар л гээд байх юм Их хурал өөрөө ямар байдалд орчихсон байгаагаа хар. Олон юм яриад байх юм. 

Нэг хүний албан тушаалтай тэнцэх Их хурал гэж байхгүй шүү. Энд 20 хүрэхгүй хүн сууж байна. Их хурал чинь ийм байж болох юм уу. 
50 хувь нь эсэргүүцээд хаяад гарчихсан байхад яаж энэ Их хурлыг авч явах гээд байгаа юм. Энэ чинь бүтэхгүй. 

УИХ-ын дарга гэдэг юмыг чинь би өгч үзсэн. Манай намынхан нийлж байгаад, 600 сая долларыг нь хаах гэхээр цэц дээр захиалга өгч дүгнэлт гаргуулахад нь Их хурлын даргаас болж УИХ-ын нэр хүнд сэвтэх ёсгүй, явах цаг болжээ гээд би ажлаа өгч байсан. Би эндээс юм алдаагүй. 

Дуугүй сууж бай Ж.Мөнхбат чи. Олон хоног галзуурахыг чинь харлаа.  Дахин сонгууль явуулахад асар их зардал гардаг юм. Шинэ Их хурал юу ч гарч ирээ билээ. Та нарын тал талаас хийгээд байгаа юм чинь энэ улсыг Украин болгох зам руу явах гээд байна шүү. Би Украин болгохгүй төлөө чадах бүхнээ хийх болно шүү” хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү