УИХ Засгийн газарт шаардлага хүргүүлээ


2018-12-07 15:00:48 0

УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Шаардлагыг  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд уншиж танилцуулсан бөгөөд өнөөдрийн дотор байнгын хороо, чуулганы ирц бүрдүүлэх шаардаж байгаагаа дурьджээ. Өнөөдрийн үдээс өмнөх  УИХ-ын чуулганы хуралдаан ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадаагүй билээ

 

Шаардлагад, "Яаралтай горимоор хэлэлцэх ХХААХҮ-ийн сайдыг томилох саналыг хэлэлцэх гэтэл Ерөнхий сайд та чуулганы нэгдсэн хуралдаандаа саналаа танилцуулахгүйгээс уг асуудлыг гишүүдийн саналын дагуу хойшлууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн улс орны эдийн засаг төсөв санхүүтэй холбоотой саналыг хэлэлцэх асуудлыг Засгийн газрын хэд хэдэн гишүүн орхиж гарсны улмаас хэлэлцэх боломжгүй болсон. Та болон таны асуудал хэлэлцүүлэх ёстой 13 сайд,гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд зориуд оролцохгүй байгаагаас валютын ханш, шатахууны үнэ, агаар орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, иргэдийн өмнө тулгамдаж байгаа даруй шийдвэрлэвэл зохих асуудлаар Ерөнхий сайдын хийдэг мэдээлэл, гишүүний асуулгын хариуг УИХ-аар сонсох ажиллагаа дөрвөн удаа хойшилсоор өдий хүрлээ. Ерөнхий сайд та өнөөдрийн /12.07/ үдээс хойш хуралдаанд оролцож Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх ёстой. Ерөнхий сайд Үндсэн хуулийн дагуу танхимаа бүрдүүлэх хүрээнд өөрөө өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайдыг томилуулах асуудлыг гурван долоо хоногийн турш хэлэлцүүлэхгүй байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд өнөөдөр Монгол Улс түүхэндээ анх удаа ХХААХҮ-ийн сайдгүйгээр мал тооллогын ажлыг эхлүүлж, өвөлжилт хүндэрч байгаа энэ үед энэ салбар эзгүйрч, улс орны стратегийн хүнс болох улаан буудайн нөөц бүрдүүлэх, тариаланчдад буудайгаа худалдаалах асуудал тодорхойгүй болсон. Нийт аж ахуйн эрхлэгчдийн 3/2-ийг эзэлж буй ЖДҮ эрхлэгчдийн дунд гарсан алдаа завхралыг цаг алдалгүй засч залруулах шаардлагатай байна.

Өмнө нь Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ хурлыг санаатайгаар гурван удаа тасалдуулсан. Засгийн газрын гишүүд УИХ-ын ирцийг бүрдүүлэхгүй байх, хуралдаанд оролцохгүй байгаагаас ЖДҮХС-тай холбоотой үүссэн асуудлуудыг шалгаж, санал дүгнэлт гаргах түр хороо байгуулах тогтоолын төсөл буюу иргэд олон түмний хүссэн хүлээж байгаа асуудлыг хэлэлцэх боломжгүй болж, хойшилж байна.

Хуульд заагаагүй үндэслэлээр УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх үндэслэл байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар Засгийн газар бол УИХ-аас томилогдсон Ерөнхий сайд, гишүүдээс бүрддэг бөгөөд Үндсэн хууль, төрийн хууль биелүүлэх үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнах ёстой. Засгийн газар Үндсэн хуульд заасан хууль, үндсэн зарчмыг зөрчих, төрийн эрх дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн хууль бус зохион байгуулалттай арга хэмжээ авах ёсгүй.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд таныг Засгийн газрын гишүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах гэсэн үйл ажиллагаагаа 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр зогсоож, байнгын, түр болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохыг шаардаж байна. Танай Засгийн газрын гишүүд Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн асуудлаас үүдэн гарах аливаа хариуцлагыг танай Засгийн газрын болон УИХ-ын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа гишүүд сайд нар давхар хүлээх болно гэдгийг хатуу анхааруулж байгааг мэдэгдье” гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү