Хоёр Энхбаяраас суралцах хорин хичээл


2019-08-07 10:21:30

Хүн бүр өөрийн гэсэн амьдралын замнал, түүхтэй. Тэдний туулсан замналаас суралцах зүйл олон бий.

Энэ удаад нэр ижил, өөр үзэл бодол, зарчимтай эрхмүүдээс суралцах 20 гайхалтай хичээл, онч үгсийг тэмдэглэн авсанаа хуваалцъя.

Намбарын Энхбаяраас сурах 10 хичээл.

  1. “Явсан нохой яс зууна”-Ямар ч үед явдаг нохой байх хэрэгтэй. Энд очиж хоол олоод, нохойд уруулаад, тэнд очиж хүнд хөөгдсөн ч явсан нохой яс зууж л ирдэг.
  2. “Бурхан хүний чадал хүрээгүй үед л тусалдаг”-Бурхан хүний хийж чадахгүй зүйлд тусалдаггүй. Хамгийн хүч хүршгүй зүйлсийг ч чи хийх ёстой. Яагаад гэвэл бурхан чамайг чадахыг мэдээд туслахгүй байгаа юм.
  3. “Энхбаяр Цолмонгүйгээр Энхбаяр биш”-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран амьдарч, айл гэр болохын утга учир нь бие биенээ нөхцөлдүүлэх юм. Зовсон, жаргасан аль ч цагт ханилсан хань хүний хамгийн том түшиг байдаг.
  4. “Хүнд сайн санаж туслахад хүнээс юу ч дутдаггүй”-Зовлон жаргал туулж байхдаа бусдад тусалж хүн хэвээрээ үлдэх хэрэгтэй. Өөрт юу ч үлдээгүй гэж бодсон үед ч бусдад туслах хүч заавал үлдсэн байдаг.
  5. “Аливаа зүйлийн он цагийн дарааллаар логикийг хөөх хэрэгтэй”-Хүн бүрийн ярьсан зүйл бүхэн үнэн байх албагүй. Худал гэж бодож байгаа яриаг ухрааж, эсрэгээр нь бодож байх хэрэгтэй.
  6. “Уучлалт гуйхад хэзээ ч оройтдоггүй”-Хүн алдаа хийж болно, гол нь засардаг байх хэрэгтэй. Уучлалт гуйхад хэзээ ч оройтдоггүй харин уучилж сурна гэдэг бол эрдэм юм.
  7. “Мэдээллийг сайтар шүүж тунгааж сурах хэрэгтэй”-Асар хурдтай мэдээллийн цаг үед анхдагч эх сурвалжаас мэдээллийг бид авдаг болсон. Зурагтын мэдээний хөтөлбөрийн цаг хүлээхээ больсон цагт мэдээллийг шүүж, тунгааж, анализ хийж сурахгүй бол түүнд хордох аюултай.
  8. “Өөрөө өөрийгөө дасгалжуулж чадахыг боловсролтой хүн гэнэ”-Дандаа багшаар заалгасаар байгаад цээжилж авсан диплом боловсрол биш юм. Залуу хүн өөрийгөө залж, үнэлж, магтаж, тайвшруулж өөрөө өөртөө багш болж чадсан бол түүнийг боловсролтой хүн гэж дүгнэж болно.
  9. “Ном унших нь хүнийг төвлөрүүлж, төлөвшүүлдэг”-Хүн номыг төвлөрч уншдаг учраас ном сайн уншихад бодох, сэтгэх, төлөвлөх, цаашлаад хариуцлагатай байдалд суралцдаг. Ном унших нь амьдралын төлөвшилд сургах дадал юм.
  10. “Хүнд итгэдэг чанараа гээж болохгүй”-Амьдралд сайн, муу олон хүн таарна. Итгээд алдсан нь он цаг өнгөрөхөд алдаа гэж харагдахаа больдог. Ямар ч цаг үед бусдад итгэдэг зан чанараа гээхгүй байх нь шинэ цагийн амьдрах зарчим юм.

Баттөмөрийн Энхбаяраас сурах 10 хичээл.

  1. “Хамгийн нэгдүгээр зүйл бол гэр бүлийн хүмүүжил”-Хүмүүжил гэдэг нь эрх чөлөөг үгүйсгэх асуудал биш бөгөөд аливаад зөв хандахад сургах ойлголт юм. Эцэг эхийн тунг нь тааруулсан хайр халамж нь зөв хүмүүжлийн суурь болно.
  2. “Аль нэг институцын оролцоо хэтрэхээр тэнцвэр алдагдах магадлалтай байдаг”- Аль ч институци өөрийн эрх мэдлийн хүрээнд идэвхтэй байхыг эрмэлздэг тул Үндсэн хуульд заагдсан зарим заалтуудыг амьдралд хэрэгжүүлэх шаардлага тулгардаг.
  3. “Нэг хүн авилгач байна гэдэг нь нийтээрээ бүгд авилгач гэсэн үг биш юм”-Ижил төрлийн мэргэжилтэй олон хүний нэгнийх нь гаргасан алдаагаар нийтээр нь үнэлж дүгнэж болохгүй. Түүн дотор шударгаар ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч хүн бий гэдгийг мартаж болохгүй.
  4. “Хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш байх ёстой”-Эрүүгийн хууль албан тушаалаас үл хамаарч хүн бүхэнд адил үйлчлэх ёстой. Сэтэрхий зүү хулгайлсан байсан ч гэмт хэрэг гэж шийтгэж байхад тэрбум тэрбумаар аваад, эргүүлэн төлснөө гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа нь “алагчилдаг шударга ёс” гэж байдаггүйг харуулж байгаа юм. Гэмт хэргийг санал хураалтаар шийддэггүй.
  5. “Монголчууд өөрсдийгөө үнэлэх ёстой”-Нэр, брэнд гэдэг зүйл үнэтэй. Apple, Coca-Cola гэдэг нэр хэдэн тэрбумаар үнэлэгддэг шиг Монголын компаниудын нэр, хөрөнгө зарсан бизнес үнэлэгдэх ёстой.
  6. “Төр хүнээр дутдаггүй”-Улс төрийн албан тушаалтныг ажлаас чөлөөлөхөд үндэслэл шаарддаггүй. Хариуцлагын хэм хэмжээ үүнд бий. Төрийн албан хаагч харин хуулиар хамгаалагддаг. Төр хүнээр дутдаггүй, нам харин дутдаг.
  7. “Шударга бус байдалтай бүү эвлэр”-Хэрвээ би эвлэрвэл албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн албан тушаалын гэмт хэрэг болно. Засгийн газар төлөөлөгчөө байлд гэж томилсон болохоос эвлэр гэж явуулдаггүй.
  8. “Орчин үеийн нийгэм маш олон өнгөтэй”-Нийгэм маш олон давхарга, сонирхлын бүлэг, мэргэшилтэй болсон. Үүнийг ахмад, залуу, эмэгтэй гэсэн гуравхан бүлэгт хайрцаглаж, тэдний санаа бодлыг илэрхийлэх боломжгүй.
  9. “Хаана хөрөнгө байна, тэр газар салан тусгаарлах бодлого явуулдаг”-Дэлхийн түүхийг, бусад улс орны туршлагыг харвал хаана хөрөнгө баялаг байна тэр муж юм уу аймаг салан тусгаарлах бодлого явуулдаг. Төрийн өмчтэй холбоотой асуудал нь ганцхан хөрөнгө бус улс орны бүрэн эрхт байдал, нутгийн өөрөө удирдах ёс гэх мэт цогц асуудлыг хөндөж байдаг.
  10. “Улс төрийн нам бол сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн олонлог”-Нам бол төрийн алба шиг удирдах, удирдуулах ёсны байгууллага биш юм. Энэ бол зарчмын хувьд ялгаатай, цэргийн байгууллага шиг хатуу албадлага байх боломжгүй. Хэнийг ч үзэл бодлоор нь ялгаварлаж үл болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү